XXI зууны хаант засаглалууд

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

XXI зууны хаант засаглалууд

Овог аймгийн ахлагчаас эхэлсэн эзэн хааны засаглал орчин цагт зарим оронд хадгалагдан үлджээ. Эдүгээ дэлхий дахинд 30 орчим хаан, хатан үе залгамжилж байна.


ИХ БРИТАНИ УМАРД ИРЛАНДЫН НЭГДСЭН ВАНТ УЛС:

II Элизабет

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан II Элизабет төр барьсаны 60 жилийн ойгоо 2012 онд тэмдэглэсэн. Эдүгээр 90 настай II Элизабет хаан ширээгээ хүүгээ алгасч, ач хүү, Кембрижийн гүн Уильямд шилжүүлж магадгүй хэмээн яригдаж байна. II Элизабет Их Британи, Канад, Австрали, Шинэ-Зеланд, Ямайк, Барбадос болон өөр тусгаар тогтносон 10 орны хатан хаан юм. Тэрбээр 1953 оны зургадугаар сард Их Британийн хаан ширээг залгамжилжээ.

ТАЙЛАНД:

Пхумипон Адульядет

Тайландын ван Пхумипон Адульядет өнгөрсөн долоо хоногт таалал төгссөнөөр 30 хоногийн гашуудал зарласан байгаа. Тайландын ард иргэд Пхумипон Адульядет ванг ихэд хайрлаж, хүндэлдэг байсан нь одоо тус улсад өрнөж буй үйл явдлаас тодхон харагдана. Тэрбээр 70 жил Тайландын хаан ширээнд суужээ.

Ханхүү Маха Вачиралонгкорн эцгийнхээ гашуудлыг тайлахын тулд титмээс татгалзсан учраас хаан ширээ түр хугацаагаар Према Тинсуланондад очиж байна. 64 настай Маха Вачиралонгкорн бол ясны цэрэг хүн учраас хэрвээ тэрбээр хаан ширээ залгамжилбал Тайландын үг хэлэх эрх чөлөө, ардчилал, Үндсэн хуульт хаан засаглал хумигдана гэх айдас ард иргэдийн дунд байгаа аж. Түүнчлэн тэрбээр эхнэрээ  салсан, хүүхэмсэг нэгэн гэдэг нь шүүмжлэл дагуулдаг байна.

ЯПОН:

Акихито

Японы эзэн хаан Акихито өнгөрсөн наймдугаар сард хаан ширээнээсээ татгалзах хүсэлтээ илэрхийлсэн билээ. 82 настай Акихито эрүүл мэндийн шалтгаанаар хаан ширээгээ шилжүүлэх хүсэлт гаргасан боловч Японы Үндсэн хуулинд амьд ахуй цагтаа хаан ширээнээсээ буухыг зөвшөөрдөггүй аж. Акихито нь Япон улсын 125 дахь эзэн хаан бөгөөд хааны удам 14 зууны турш тасалдалгүй үргэлжилсэн байна. Амьд бурхан гэж бэлгэшээдэг Японы хааны угсааны гэр бүл нь дэлхийн хоёрдугаар дайны дараа бэлгэдлийн шинж чанартай болж, тухайн үед засгийн эрхийг авсан хүчин хааны удмын гэр бүлийн хөрөнгийг хураан авсан аж. Харин одоогийн засгийн газар хааны гэр бүлийн жилийн төсвийг 100 сая ам.доллараас хэтрүүлэхгүйгээр хяналтандаа байлгадаг байна.

БУТАН:

Жигме Кхесар Намгьял Вангчук

Гималайн уулын өвөрт оршдог Бутан хэмээх багахан орны ард түмний хайрлаж хvндэлдэг залуу ван энэ оны эхээр угсаа залгамжлагчаа өлгийдөн авсан. Ханхүүг төрөхөд Бутаны ард иргэд 108 мод суулгажээ. Жигме Кхесар Намгьял Вангчук ван 2011 онд эгэл жирийн гэр бүлээс гаралтай үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэсэн юм. Бутаны хаан угсааны тав дахь ван  Оскфордод боловсрол эзэмшжээ.

НИДЕРЛАНД:

Беатрикс болон Уильям-Александр, түүний эхнэр

Нидерландын Вант Улсын хатан хаан Беатрикс 2013 онд ууган хүү Уильям-Александрт хаан ширээгээ шилжүүлсэн юм. Өдгөө 78 настай Беатрикс 1980 онд хаан ширээнд сууж 33 жилийн дараа эрх мэдлээ шилжүүлжээ. Тэрбээр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хатан хаан II Элизабетын дараах хаан ширээнд хамгийн олон жил суусан өнөө цагийн дэлхийн хоёр дахь хатан хаан байсан юм. Уильям -Александр эхнэр, гурван охины хамт амьдардаг аж. Үүнээс харвал Нидерландын хаан ширээ дахин эмэгтэй хүнд шилжих магадлал өндөр.  

БЕЛЬГИ:

Филипп

Бельгийн хаан II Альберт 2013 оны үндэсний өдрөөр хаан ширээгээ ууган хүү Филиппт шилжүүлсэн юм. Тэрбээр Бельгийн хаан ширээнд 20 жил  суусны эцэст 56 настай Филиппт хаан ширээгээ шилжүүлсэн юм. Филипп  Оксфорд, Станфордод боловсрол эзэмшиж, нисэгчийг мэргэжлийг давхар эзэмшсэн нэгэн. Тэрбээр Бельгийн долоо дахь хаан юм.

ИСПАНИ:

Фелипе

Испанийн хаан ширээнд 40 жилийн турш заларсан эзэн хаан Хуан Карлос 2014 онд суудлаасаа бууж, ханхүү Фелипед шилжүүлсэн юм. Хаан Хуан Карлос эрүүл мэндийн шалтгаанаас гадна охин, хүргэнийхээ эрхэлдэг бизнестэй холбоотойгоор авлигын хэрэгт шалгагдаж буй зэргээс шалтгаалан суудлаасаа буусан юм. Испанийн хаан Хуан Карлосын бага охин, гүнж Кристина татвараас зугтсан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан шүүхэд дуудагдсан. Түүний ах  Фелипе хаан ширээг авсныхаа дараа дүүгийнхээ гүнжийн хэргэмийг хураасан юм.

ШВЕД:

Карл XVI Густав

Шведийн хаан Карл XVI Густав өнгөрсөн тавдугаар сард 70 насыг зоогложээ. Карл ХVI Густав 1973 онд 27 настайдаа хаан ширээнд залагджээ. Шведийн хаан бэлгэдлийн үүрэгтэй. Хуульд зааснаар тэр  эрх зүйн зөрчил гаргасан хуулийн хариуцлага хүлээдэггүй. Карл ХVI Густав хаан татвар төлдөг бөгөөд сонгуульд оролцох эрхтэй ч тэр эрхээ нэг удаа ч ашиглаж байгаагүй гэнэ. Шведийн парламент хааны санхүүжилтийг тогтоож өгдөг. Өнгөрсөн оны санхүүжилт нь 65 сая крон буюу 8 сая ам.доллартай тэнцэх мөнгө байжээ.

ДАНИ:

II Маргрете

Данийн хатан хаан II Маргрете өнгөрсөн дөрөвдүгээр сард 75 нас хүрсэн. 1972 ононоос II Маргрете хатан хааны сэнтийд заларч байгаа юм. Хатан хаан Маргрете II болон Хенрих нарын том хүү Фредирик нь ирэх жил хатан хааны эрүүл мэндээс шалтгаалан хаан ширээг залгамжилж магадгүй байгаа аж. Дани улс нь 2009 оноос эхлэн хүйсийг үл харгалзан төрсөн дарааллаараа угсаа залгамжлах хуультай болсон билээ.

ЙОРДАН:

II Абдулла

Йорданы хаан II Абдулла 2009 онд хуулиа өөрчлөх замаар өөрийн хүүг угсаа залгамжлагч болгожээ. Өмнөх хуулиар бол түүний дараа дүү нар нь хаан ширээг залгамжлах ёстой байв. Ханхүү хуулиараа насанд хүрсэн учраас одоо улс орныхоо чухал асуудалд оролцож, аавыгаа дагах болжээ. II Абдулла 1999 онд Йорданы хаан ширээг залгамжилсан юм. Тэрбээр Хуссейн хааны хоёр дахь эхнэрийн хүүхэд аж.

САУДЫН АРАБ:

Салман бен Абдель Азиз Аль Сауд

Саудын Араб бол нефть олборлогч орнуудыг OPEC-ийн тэргүүлэгч бөгөөд Ойрхи Дорнодын нөлөө бүхий улс юм.  Саудын Арабын хаан Абдулла өнгөрсөн онд таалал төгссөнөөр түүний ах Салман бен Абдель Азиз Аль Сауд хаан ширээнд суужээ. Шинэ хаан Салман засаглалын бүхий л шатыг дамжсан туршлагатай удирдагч юм. Тэрээр 28 настай байх үеэс боловсролын салбарыг удирдаж, сая гаруй хүнтэй хотыг захирч, Батлан хамгаалахын сайдаас Ерөнхий сайдын орлогчийн алба хүртэл хашиж иржээ.  

КАМПУЧ:

Нородом Сиханоук

Кампучийн хаан Нородом Сиханоук 2012 онд 89 насандаа Бээжинд таалал төгссөн юм. Тэрээр хагас зууны дайны туршид улс төрийн нөлөө бүхий бодлого явуулсан гавьяатай нэгэн байв. Нородом Сиханоук эрүүл мэндийн шалтгааны улмаас 2004 онд албан тушаалаа хүүдээ өвлүүлсэн байжээ.

БРУНЕЙ:

Хассанал Болкиах

Брунейн султан Хассанал Болкиах бол дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг билээ. Тэрээр хэмжээлшгүй их тансаглалаараа дэлхий нийтийг гайхшруулж байдаг. Тэрбээр 2003 онд  100 сая ам.доллараар “Airbus А340” онгоц худалдан авсан нь наад захын жишээ. Хассанал Болкиах төрсөн цагаасаа л алт эрдэнэсээр өлгийдүүлж өсчээ. Тэрбээр 1967 онд 21 насандаа Болкиах нь Брунейн султаны суудалд суусан байна.

Эдгээрээс гадна Норвеги, Лесото, Бахрейн, Марокко, Люксембург, Оман, Свазиланд, Тонга, Катар зэрэг орон хаант засаглалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж