Баталгаат хугацаа нь дуусаагүй байхад зам эвдэрч байна

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Баталгаат хугацаа нь дуусаагүй байхад зам эвдэрч байна

Авто тээврийн салбарын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажил болон өвлийн бэлтгэл ажлын талаар Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Будаас тодрууллаа.

-Зам тээврийн салбарт өнгөрсөн намар хэдэн чиглэлд, ямар газарт шинээр зам тавьсан бэ?

-Улсын төсөв, банкны хөрөнгө оруулалтаар 20 орчим замын объектод чанар, технологийн хяналт тавьж, зөвлөхийн үйлчилгээ үзүүлж ажиллаж байна. Үүнээс 3-4-ийг нь ашиглалтад оруулсан. Тодруулбал, Налайх, Тэрэлж чиглэлийн 30.2 км авто зам, Сэлэнгэ аймгийн Ерөө голын төмөр бетон гүүр, Улаанбаатар Багануур чиглэлийн төв замаас Гордок хүртэлх замуудыг ашиглалтад өгсөн.

Дараагийн ээлжид гурван объектын ажил дуусч, удахгүй улсын комисст хүлээлгэж өгөх гэж байна. Тухайлбал, Увс аймгийн Ховд сумын Шивэрийн голын төмөр бетон гүүр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд тойргийн 9.8 км хатуу хучилттай зам, Орхон аймгийн Эрдэнэт хотын Говил багт баригдах 5.867 км замын үлдэгдэл замуудад улсын комисс ажиллахад бэлэн болсон.

Мөн энэ сард дуусах дөрвөн ажил бий. Элсэнтасархай Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км замын засвар, Хэрлэн голын төмөр бетон гүүр, Улаанбаатар Баянзүрх дүүрэг, Хонхор тосгоны 1.79 км зам, Завхан аймгийн төвийн 5.2 км замууд бий. Ажлын явц 95-99 хувьтай үргэлжилж байна.

Намрын ээлжит бус чуулганаар зам засварын байгууллагуудын хийх ажилд нэмж 12 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Энэ төсвийн хүрээнд зам засварын ажлыг хийж байна.

-Энэ жил бороо хур ихтэй байлаа. Үүнтэй холбоотойгоор шинээр ашиглалтад орсон замуудад эвдрэл их гарсан мэдээ байна?

-Энэ оны сүүлчээр бороо хур их орсонтой холбоотойгоор эвдрэл үүссэн зам бий. Эдгээр замуудад засварын ажил хийж байгаа.

-Жишээ нь аль аль чиглэлд хэдий хэмжээний замд эвдрэл үүссэн бэ?

-Өвөрхангай-Хархорин, Өвөрхангай-Баянхонгор, Дархан-Эрдэнэт, Дундговь гэх мэтчилэн олон чиглэлд замын эвдрэл үүссэн. Гэхдээ энэ нь олон шалтгаан нөхцөлтэй. Нэг хэсэг нь яалт ч үгүй чанаргүй зам барьсан гүйцэтгэгч компанитай холбоотой. Зарим компанийн тавьсан зам баталгаат хугацаа дуусаагүй байхдаа ч эвдрэх тохиолдол бий. Баталгаат хугацаа нь дуусаагүй замуудад технологийн хувьд эвдрэл үүссэн бол гүйцэтгэгч компаниар засуулах ёстой.

Харин нэг хэсэг нь яалт ч үгүй хур бороо их орсноос эвдрэл үүсч байна. Бас нэг шалтгаан нь хүнд даацын тэрэг их явж буйтай холбоотойгоор зам эвдэрч байна. Энэ мэт олон шалтгаан нөхцлөөс үүдэн замын эвдрэл их бий. Гэхдээ бидний анхаарах шаардлагатай нэг чухал асуудал байна. Зам бариад байдаг, эргээд тэр замыг анхаарах эзэн алга. Нэг ёсондоо зам эзэнгүйдэж байна. Зам засвар арчлалтын байгууллагууд хувьчлагдсан, нөгөө хэсэг нь удирдлагагүй болсонтой холбоотойгоор зам эзэнгүйдсэн. Тиймээс энэ асуудалд тухайн нутгийн удирдлагууд, мөн яам анхаарч бодлого гаргаж, эрхзүйн орчинд ч тусгах шаардлагатай.

-Авто тээвэр, зам тээврийн салбарын өвлийн бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

-Бэлтгэл ажил үндсэндээ 80 гаруй хувьтай байна. Гол нь цасанд автдаг уул даваанууд, эвдэрсэн зам, тэмдэг тэмдэглээгүй газруудад түлхүү ажиллаж байна.

Гэхдээ санхүүжилт цаг хугацаандаа хийгдэхгүй байгаагаас хүндрэл үүсч байна. Мөн барилга угсралтын ажлын явц муу байна.  Учир нь барилга угсралтын ажил хийсэн ч компаниуд маань санхүүжилтээ авч чадахгүй. Ямартай ч энэ чилэлээр өчигдөр Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарынхантай уулзаж, ярилцсан. Энэ асуудлыг ойрын хугацаанд үе шаттайгаар шийдвэрлэх болно гэдгээ хэлсэн. 

Б.ЗАЯА

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж