Эрдэнэт үйлдвэр урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэсэн нь худал мэдээлэл

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Эрдэнэт үйлдвэр урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэсэн нь худал мэдээлэл

Энэ сарын 17-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  Эрдэнэт үйлдвэр ХХК нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн  үйлдвэртэй 5 жилийн урт хугацааны гэрээ байгуулан, гэрээний урьдчилгаа төлбөрийн нийт дүн болох 100 гаруй тэрбум төгрөгийг гэрээнд гарын үсэг зурснаас ажлын тав хоногийн дотор “Эрдэнэт үйлдвэр”-ээс шилжүүлсэн  хэмээн мэдэгдэж, уг мэдээлэл нь  олон нийтийн мэдээллийн сүлжээнд  тавигдсан байна.

УИХ-ын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4.2.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр хийх худалдан авалтад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хамруулах тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Эрдэнэт үйлдвэр ХХК нь улсын болон орон нутгийн аж ахуйн нэгж, үндэсний олон үйлдвэрүүдтэй хамтран ажиллах, дэмжих бодлого баримтлан ажилладаг.

Эрдэнэт үйлдвэр ХХК нь  Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй олон жилийн бизнесийн хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн бөгөөд энэхүү олон жилийн найдвартай хамтын ажиллагаа болон туршлагатай үйлдвэрлэгчээс  чанартай түүхий эд шууд нийлүүлэх, худалдан авах хэрэгцээ шаардлаганд тулгуурлаж, бизнесийн уян хатан түншлэлийн хүрээнд  энэ оны 8-р сарын 25-ны өдөр дээрх үйлдвэрүүдтэй 2017-2021 оныг хүртэл түүхий эд нийлүүлэх талаар хамтран ажиллах гэрээг байгуулсан болно.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр нь Эрдэнэт үйлдвэрийг шохойгоор хангах зорилгоор төлөвлөгдөн байгуулагдсан үйлдвэр бөгөөд нийлүүлж буй түүхий эд нь үйлдвэрлэлийн зохих стандартыг  хангасан байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1011-д “Чанар, стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хориглоно” гэж, 101.2-д “Энэ хуулийн 1011-д заасан дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтыг Засгийн газар батална” гэж, мөн тус заалттай холбоотойгоор Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаар тогтоолын 1 дүгээр заалтаар баталсан ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАРААНЫ ЖАГСААЛТ-ын 8.3-д “Шохой” , 9.1-д “Стандарт болон стандарт бус ган хийц”-ийг тус тус оруулсан байх тул Эрдэнэт үйлдвэр ХХК-ний зүгээс үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудтай байгуулсан дээрх гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулагдсан гэж үзэж байгаа болно.

Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэгдэж буй шохой, ган бөөрөнцөгийн бэлдэцийг дээрх 2 байгууллагаас хувь хүн, хуулийн этгээд худалдан авч нийлүүлдэг байсныг шууд үйлдвэрлэгчээс нь гэрээ байгуулан худалдан авч байгаа нь өртөг зардал бууруулах бодлогод бүрэн нийцсэн үйлдэл юм.

Дээрх гэрээнд заасны дагуу бидний хамтын ажиллагаа хуулийн дагуу цаашид үргэлжлэх бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс уг гэрээтэй  холбоотой ямар нэг урьдчилгаа төлбөр өнөөдрийг хүртэл хийгдээгүй болохыг та бүхэнд үүгээр уламжилья.

Иймд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн мэдээлэлд дурьдсанчлан  Дарханы хар төмөрлөгийн болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт  100 гаруй тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх мэдээлэл нь ор үндэсгүй бөгөөд Эрдэнэт үйлдвэр Татварын байгууллагад төлөх татвараа бүрэн төлж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг  албан ёсоор мэдэгдэж байна.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж