Бодлогын хүүг нэмсний үр дүн гарч байна гэв

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Бодлогын хүүг нэмсний үр дүн гарч байна гэв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцох гишүүдийн ирц 50 гаруй хувьд хүрсэнээр Монгол Улсын 2017 оны мөнгөний бодлогыг хэлэлцэж эхлээд байна.

Мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаатай холбоотойгоор Төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан тус байнгын хорооны хуралдаанд оролцож байна.

Валютын ханшийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Монголбанк өнгөрсөн наймдугаар сард бодлогын хүүг 4.5 пунктээр нэмж, 15 хувьд хүргэсэн. Энэ асуудалд Төв банкны ерөнхийлөгч “Өмнө нь төв банк төгрөгийн ханшийг зохицуулахын тулд интервенц хийх арга хэрэглэж ирсэн байдаг. Зургана тэрбум ам.долларыг интервенц хийж валютын ханшийг тогтворжуулах гэж оролдсон. Энэ нь эргээд валютын нөөцөд сөрөг нөлөө үзүүлсэн.

Монгол Улсын хувьд 2017 он гаргаад Хөгжлийн банкны 580 сая ам.доллар, мөн Чингис бондын 500 сая ам.долларыг тус бүр төлөх шаардлагатай болсон учраас Төв банк өөрт байгаа хамгийн хүчтэй зэвсгээ хэрэглэхээс аргагүй болсон. Үр дүн гарч байгаа, валютын нөөцөө бууруулаагүй хадгалж чадсан. Гэхдээ удаан энэ аргаар явах аргагүй байгаа.

Мөн Монголбанкийг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахад УИХ анхаарах, 1996 онд баталсан Төв банкны тухай хуулийг шинэчлэх, 2010 онд баталсан Банкны тухай хуулийг өөрчлөх, Валютын зохицуулалтын тухай, Векселийн зохицуулалтын тухай хуулиудыг өөрчлөх, Төлбөр тооцооны системийн тухай хуулийг нэмж батлах шаардлага тулгарч байна. Дээрх чиглэлүүдээр төв банкнаас ажлын хэсэг гарч судалгаа хийн ажлаа эхлүүлсэн, Эдийн засгийн байнгын хороотой хамтран ажиллана гэлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хурал мөн эхэлсэн, “Б” танхимд үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж