Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй гурав хүртэлх насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асран хамгаалдаг. Мөн нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний ганц байгууллага юм.
Тус сувилал хүүхдэд сувилахуйн тусламж үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх зорилгоор амбулаторын үйлчилгээ, гүйцэт нярайг сувилах үйлчилгээг шинээр хэрэгжүүлж эхлээд байгаа ажээ.
Тиймээс Хүүхдийн төв сувилал нөгөөдөр /2016.10.21/ 10-14 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулахаар болжээ.
Өдөрлөгийн үеэр тус байгууллагын үйл ажиллагааг танилцуулахын дээр хүүхдийн хоолны амталгаа хийж, хоол хийх технологи заах юм байна. Хүүхдийн сувилал Баянгол дүүрэг, Дамдинбазарын гудамж, Модны 2-ын гол зам дагуу байрладаг ажээ.
Д.ЦЭЭНЭ