Нийслэлчүүд жинхэнэ ОРК-ууд уу?

Хуучирсан мэдээ: 2016.10.19-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд жинхэнэ ОРК-ууд уу?

-Сонголтоо бусдад даатгаж, араас нь харааж, халаглаж суухгүйн тулд та сонгуулиа заавал өгөх ёстой байсан-

Манай NEWS агентлагийн олон уншигч, харилцагч нийслэлийнх гэдгийг би хамгаас сайн мэднэ. Тиймээс ч та нартаа хаяглан хатуу үг илгээхээс аргагүй нь, уучлаарай. Уурлаж, бухимдаж, бүр тасчиж хяргахаасаа өмнө энэ хүснэгтийг хар даа.

Нийслэлийн сонгуулийн ирцийн мэдээлэл

Дүүрэг

Нийт сонгогчдын тоо

Сонгогчдын тоо

Санал өгсөн сонгогчдын тоо

12.00 цагт

 /хувиар/

Санал өгсөн сонгогчдын тоо

17.00 цагт

/хувиар/

Санал өгсөн сонгогчдын тоо

22.00 цагт

/хувиар/

Багануур

18722

3088

16.49

34.5

52.3

Багахангай

2837

659

23.23

52.7

71.2

Баянгол

129410

18476

14.28

32.9

50.5

Баянзүрх

206437

22678

10.99

29.1

45.3

Налайх

23258

4522

19.44

38.3

61.0

Сонгинохайрхан

189310

22171

11.71

27.9

45.7

Сүхбаатар

87300

12956

14.84

34.5

50.9

Хан-Уул

99424

13412

13.49

34.3

51.4

Чингэлтэй

103339

12442

12.04

28.6

44.4

Нийт

860037

110404

12.84

30.9

 

 

Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээлснээр нийслэлийн 152 хорооноос 79 хороонд нэмэлт санал хураалт явуулахаар болжээ. Нэмэлт санал хураалтыг 2016 оны аравдугаар сарын 23-ны ням гаригт явуулах юм.

Уг нь бол нийслэлийнхэн мэдээлэлд хамгийн ойр, аливааг тал бүрээс нь тунгаах боломжтой хүмүүс. Гэтэл сонгуульд хамгийн хойрго хандаж байна. ОРК гэдэг үгийг орон нутгаас ирсэн хот газрын соёлд суралцаж амжаагүй хүмүүсийг тодорхойлсон доромж үг болгон ашигласаар удаж байна. Үнэндээ, өнөөдрийн хувьд хөдөө, орон нутгийнханд бус хотын гангачуулд хандаж ОРК гэж хэлэхээр нөхцөл үүсчээ. Хөдөөгийнхөн маань хэнийг сонгосон нь хамаагүй, гагцхүү сонгуульд зарцуулж буй өдий төдий зарлагыг дахин гаргахгүйн төлөө, ирэх дөрвөн жилд өөрийг нь төрд төлөөлөн суух хүмүүсээ бараг л сонгочихлоо. Хөдөө орон нутгийнхан, тэр дундаа малчид тариаланчид цаг агаарын хүнд нөхцөлд хэдэн зуун бээрийг туулан байж сонгуулиа өгч байгааг тооцсон нь үгүй. Гэтэл хотынхонд булан тойроод л, байшингаас байшингийн хооронд хэд алхаад сонгуулиа өгөх боломж бий.

Энэ удаагийн сонгууль бол иргэдэд хамгийн ойр сонгууль. Бидэнд өдөр тутам тулгамддаг асуудлыг хамгийн сайн мэддэг, тэр асуудлыг хамгийн түрүүн шийдэх найдьартай, ойр дотно хүнээ төрийн төлөөлөгч болгон сонгох эгзэгтэй мөч билээ. Товч бөгөөд оновчтой тодорхойлбол “Хөршөө сонгох өдөр”. Мэдээж хүн бүрийн хөрш сонгуульд нэр дэвшээгүй нь тодорхой учир хөрш гэдэг нь утга шилжсэн тодотгол. УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-д бие төлөөлөгчөө илгээчихсэн гээд аажуурч суух эрхгүй гэсэн үг.

Улс, орны амьдрал шат шатны ИТХ-аар дамжин шийдэгддэг учиртай. Анхан шатны нэгж болох сум, дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг дур мэдэн өөрчлөх эрх дэээд шатны ИТХ болоод УИХ-д ч байхгүй. Үүнийг Үндсэн хуулиндаа баталгаажуулаад өгчихсөн. Тиймээс сум, дүүргийн ИТХ-ын гаргасан шийдвэр хамгийн анхдагч бөгөөд хүчтэй нь болж таарна. Тэрхүү шийдвэрийг хэн хамгийн оновчтой гаргах вэ гэдгийг та бид өнөөдөр, яг одоо шийдэх юм. Тиймээс сонгуульдаа яараарай, залуус аа. Залуус гэж тодотгоод байгаагийн учир нь өглөөнөөс хойш сонгуулийн хэсгийн хороодод очиж саналаа өгч буй хүмүүсийн олонх нь ахмад настнууд байгаа юм. Нийслэлд л лав залуучуудын идэвх тааруухан байна. Гэтэл энэ удаагийн сонгуульд залуучууд илүүтэй нэр дэвшиж байгаа. Залуучуудын хүсэл тэмүүлэл, мөрөөдөл, зорилгыг ахмадуудаас илүүтэй залуус л ойлгоно, дэмжинэ. Энэ утгаараа ч энэ удаагийн сонгуульд залуучууд хоцорч үлдэхгүй гэсэн итгэл олон нийтийн дунд байна.

Сонгууль өгөх эсэх нь миний л хэрэг гэж уншигч та хэгжүүрхэн бодож байж болох юм. Гэвч сонгууль зохион байгуулах бүрт улсын төсөв, та бидний татварын мөнгө тэрбум тэрбумаараа урсаж байдгийг бүү мартаарай. Хэрэв энэ удаагийн сонгуульд сонгогчдын ирц хангалтгүй байх юм бол 13.9 тэрбум төгрөг салхинд хийснэ гэсэн үг. Ирц хүрээгүй гээд сум, дүүрэгтээ ИТХ-гүй хоцорно гэж үү. Үгүй шүү дээ, сонгуулийг дахиад л зохион байгуулна, дахиад л тэрбумаар тоологдох хөрөнгө гаргана. Мянга мянгаар тоологдох хүмүүс сонгуулийн хэсгийн хороодод ажиллаж байгаа. Тэдний хэдэн сарын хөдөлмөрийг талаар өнгөрүүлж, та бидний өнөөдөр өгсөн санал хүчингүй болгохыг хүсэхгүй биз ээ.

Бас нэгэн орхигдуулж боломжгүй зүйл бол сонгуульд оролцоогүйгээсээ болоод та сонголт хийх эрхийг та хэн нэгэнд зүгээр л бэлэглэж байгаа хэрэг. Эх орон, элгэн садан, ээж ааваасаа бусдыг сонгох эрх танд бий. Амьдрах орчин, сурах сургууль, ажиллах нөхцөл, идэш хоолоо хүртэл сонгох эрхийн тань баталгаа бол иргэдийнхээ төлөө ажилладаг төр юм. Төр төвшин бол түмэн олон амгалан гэдэгчлэн сайн засаглалтай, саруул ухаант түшээдтэй байхын төлөө бид сонгуульд оролцдог. Сонголтоо бусдад даатгаж, араас нь харааж, халаглаж суухгүйн тулд та сонгуулиа заавал өгөх ёстой байсан.

Д.ЦЭЭПИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж