Шатахууны 30 гаруй хоногийн нөөцтэй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Шатахууны 30 гаруй хоногийн нөөцтэй байна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шатахууны хангамж, Оюутолгойн гэрээний тухай хэлэлцсэн юм. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.


-Шатахууны хангамж өнөөгийн байдлаар ямар байгаа вэ?

-Хангамж ерөнхийдөө жигдэрсэн гэдгийг хэрэглэгчид мэдэж байгаа. Ямар нэг хүндрэл, бэрхшээл гараагүй байна. Нийтдээ 30 гаруй хоногийн нөөцтэй. Дизелийн түлш 34 хоногийн, бензин 19 хоногийн нөөцтэй байна. Хэд хэдэн бодлогын том алхам хийж байна. Юуны өмнө өөрийн гэсэн газрын тосны үйлдвэртэй болох нь зүйтэй гэсэн. Энэ онд багтааж техник, эдийн засгийн судалгаа, санхүүжилт дээрээ төвлөрч ажиллана. Газрын тосны нөөц бүрдүүлэх, түүнийг агуулах сав суулга барихад зориулж 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт суулгахаар Засгийн газрын тогтоолд тусгаад байна.

-Оюутолгойн гэрээний талаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд оруулсан өөрчлөлт, хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан хувьцаа зарах шилжүүлэхтэй холбогдуулан  “Рио Тинто” компанитай зурсан гэрээний талаар танилцууллаа. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хувь хэмжээний хүүг бууруулсан зэрэг томоохон өөрчлөлт оруулсан. “Рио Тинто” компанитай байгуулсан гэрээний хувьд хэрэв стратегийн хөрөнгө оруулагчийн хувьд тус компани “Айвенхоу Майнз” болон түүнээс дооших бусад охин компанид хувьцаагаа зарвал Монгол Улсын Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн гэрээнд гарын үсэг зурсан. Цаашид үүнийг УИХ-д танилцуулна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж