Ням гаригт “Хунт нуур”-ыг үзэж таашаал аваарай

Хуучирсан мэдээ: 2016.10.20-нд нийтлэгдсэн

Ням гаригт “Хунт нуур”-ыг үзэж таашаал аваарай

-“Хунт нуур” балетын цомнолыг хорон санаат хүлэг баатар Ротбартын хараалаар хун болон хувирсан үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай өгүүлдэг Германы ард түмний домгоос сэдэвлэн Владимир Бегичев, Василий Гельцер нар хамтран бичсэн гэж түүхэнд тэмдэглэжээ-

Дуурь, бүжгийн эрдмийн театрын тоглолтын 54 дэх улирлын нээлт аравдугаар сарын 8-д А.Аданы “Жизель” балетаар эхэлсэн билээ. Тэгвэл театрын балетын уран бүтээлчид ирэх ням гаригт буюу аравдугаар сарын 23-ны өдөр Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тоглох гэж байна.

“ХУНТ НУУР” БАЛЕТЫГ ДЭЛХИЙН СОНГОДОГ БАЛЕТЫН ОРГИЛ ГЭЖ ҮЗДЭГ

П.И.Чайковский “Щелкунчик”, “Нойрсон гүнж”, “Хунт нуур” гэсэн гурван балетыг бичжээ. “Хунт нуур” балетыг анх 1877 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Их театрт тоглож байсан байна. Зохиогч энэхүү бүтээлийг анх өөрийн үеэл Давидийн хүүхдүүдэд зориулан “Озера лебедей” гэсэн нэртэй нэг үзэгдэлтэйгээр бүтээсэн ч удалгүй хүүхдүүдийн төдийгүй сонгодог урлагт дуртай үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн алдартай бүтээл болжээ.  

“Хунт нуур” балетыг анх Юлиус Резингер дэглэн тавьж, Оросын Их театрын тайзнаа 1877 оны гуравдугаар сарын 4-д тоглосон бөгөөд хожим нь Мариус Петина, Лев Иванов нар шинэчлэн сайжруулжээ. Энэхүү бүтээл одоо дэлхийн 30 гаруй орны 70 гаруй театрын тайзнаа нийт 100 гаруй хувилбараар, бүрэн болон хагас тавигдсан судалгаа байдаг байна.

П.И.Чайковскийн амьдралдаа бичсэн гурван балет бүгд алдаршсан бөгөөд “Хунт нуур”-ыг дэлхийн сонгодонг балетын оргил гэж үздэг байна.

2015 ОНД “ХУНТ НУУР” БАЛЕТЫН 40 ЖИЛИЙН ОЙ ТОХИОВ

Дэлхийн сор болсон энэхүү алдартай бүтээл манай тайзнаа 1975 оны зургадугаар сарын 28-д тоглогдсон бөгөөд Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяандагва дэглэн тавьж байсан түүхтэй. Энэ бүтээлийг Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун удирдан, ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Гунгаасүх тайз, хувцсыг хийжээ. Харин “Хун нуур” балетын гол дүр Одетта, Одиллияд Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридэд Гавьяат жүжигчин Э.Оюунбат, Ротбартад Гавьяат жүжигчин Н.Баатар, Алиа салбайдад Ардын жүжигчин Х.Ганбаатар нар тоглож байжээ. Өнгөрсөн онд “Хунт нуур” балетыг Монголын тайзнаа тавигдсаны 40 жилийн ой тохиосон. Тухайн үед Б.Жамъяандагва хэлэхдээ “Миний бие 1962 онд Москва хотын театр, урлагийн сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөж ирээд нэг жил Ховд аймагт ажилласан. Тэгээд 1963 оноос УДБЭТ-т ажиллаж эхэлсэндээ. Надад энэ гайхалтай бүтээлийг тавих хүсэл эрмэлзэл их байлаа. “Хунт нуур” балетыг тавихын тулд 10-аад жил судалгаа хийсэн. 1972 онд Ленинградын /одоогийн ОХУ-ын Санкт-Петербург/ хотын А.Я.Вагановагийн нэрэмжит сонгодог бүжгийн урлагийн сургуулийг хэдэн хүүхдүүд төгсөөд ирсэн. Гэтэл тэдэн дунд Ю.Оюун, түүнтэй хамт олон жил бүжиглэсэн Э.Оюунбат нар байсан. Гол дүрийн хоёрыг амархан олсон доо. Тухайн үед театрын балетын анги 80 гаруй бүжигчинтэй байсан. Зөвхөн хун гэхэд 26 байлаа.  Дэлхийн сонгодог бүтээлийг Монголын тайзнаа тавихын тулд найруулгыг өөрчилж, үзэгчдэд ойлгомжтойгоор тавьж байсан. Энэ бол манай театрын хамт олны бүгдийн хичээл зүтгэл байлаа. Өнөөдөр үзэгч түмний хамгийн их үзэх дуртай балетын нэг болсонд баяртай байна.” хэмээн өнгөрсөн онд “Хунт нуур -40 жил” хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан юм.

“ХУНТ НУУР”-ТАЙ АРАВ, АРВАННЭГ, АРВАНХОЁРДУГААР САРУУД

Тус театрын уран бүтээлчид 54 дэх улиралдаа 80 гаруй удаа тоглолт хийхээр төлөвлөжээ. Тэгвэл “Хунт нуур” балетыг сар бүр тоглохоор хуваарь гаргасан байна. Өөрөөр хэлбэл, энэ онд гэхэд гурван удаа тоглогдох аж. Театрын тайзнаа аравдугаар сарын 23, арваннэгдүгээр сарын 12, арванхоёрдугаар сарын 10-д тус тус тоглох хуваарьтай. Мөн ирэх оны нэг, дөрөв, тавдугаар сард ч “Хунт нуур”-ыг тоглоно.

“ХУНТ НУУР” балет /2016.10.23- 17.00/

Одетта, Одиллия – Б.Саруул

Фринц – Б.Од

Ротбарт – А.Өлзий-Орших

Шут – Х.Ган-Очир

Па-де-труа – Г.Батчимэг, О.Анужин, А.Эрдэнэболд тус тус тоглохоор болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж