Сэргээшийн шинжилгээг Сөүлд хийж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Сэргээшийн шинжилгээг Сөүлд хийж байна

Улсын их баяр, наадмын дүнгийн талаар Засгийн газрын Шадар сайд, баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга М.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Монголын тулгар төрийн 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, ардын хувьсгалын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн дүнгийн талаар өнөө өглөө үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцэж дараа нь Засгийн газрын хуралдаан дээр танилцуулан “Сайн зохион байгуулсан” гэсэн үнэлгээ авчээ.

Дөрвөн тэгш ойн хүрээнд зөвхөн эрийн гурван наадам хийгээд зогсолгүй өөр олон арга хэмжээ зохион байгуулсныг үндэсний хорооны дарга тэмдэглэлээ. Баярын болон эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулжээ. Орчин үеийн монгол судлалын асуудлаар хийсэн олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд таван орны судлаачийн 142 илтгэл сонсчээ. “Тусгаар тогтнол-100” эрдэм шинжилгээ, судалгаа, аяллыг зохион байгуулахаар болж аяллын баг өнөөдөр Улаанбаатараас морджээ. Тэд баримтат кино бүтээх юм байна. Үндэсний эрх чөлөөний 100, ардын хувьсгалын 90 жилд зориулсан гэрэл зургийн цомог, Их Монгол Улсын 805, ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан цуврал марк гаргасан байна.  Мөн долдугаар сарын 5-9-нд монгол туургатны соёлын өдрүүд, 10-нд төрийн далбааны өдрийг зохион байгуулснаа танилцуулав.

Наадамд 1024 бөх зодоглон бүх цолонд цолтон төрж 23 бөх улсын цол авчээ. Уралдсан морины тоо ч урьд өмнөхөөс олон байсан байна. Монгол, эрлийз морьдыг салган уралдуулж нийт 600 гаруй уяачийн 2000 илүү морь тоосоо өргөжээ. Монгол морьдын зургаан насны айраг, түрүү авсан 30 морины 26 нь шинэ залуу уяачдын хүлгүүд байсан гэдгийг Шадар сайд онцоллоо. Эрлийз морьдоос монгол морийг салгаж уралдуулсан нь уяачдын урмыг сэргээж орон нутгаас олон хүн ирж оролцжээ. Их насанд гэхэд 555 морь уралдсан нь өмнөх жилүүдийнхээс 200 шахмаар илүү гарсан үзүүлэлт юм. Унаач 500 хүүхдэд иж бүрэн хамгаалалтын хувцас, 1000 хүүхдэд хамгаалалтын малгай хүргэжээ. Уралдааны үед 12 хүүхэд гарааны зурхай дээр мориноос унасан. Тухайн үе хүүхэд хамгаалах байгууллага, эмнэлгийн зүгээс үзлэг хийж, тусламж үзүүлсэн. Гойд гэмтэл бэртэл байхгүй гэж Шадар сайд хэллээ. Уралдааны замд дөрвөн морь энджээ.

Сурын харваанд 21 аймаг, нийслэлийн 534 харваач оролцож улсын мэргэн хоёр төрсөн байна. Шагайн харваанд 50 багийн 400 гаруй харваач оролцжээ. Долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт уяачдын наадам хийж 64 бөх барилдуулан эрлийз морьдыг гурван насны ангиллаар уралдуулжээ.

Төв цэнгэлдэхэд нийтийн хоолны 500, Хүй долоон худагт 200 цэг зохион байгуулж хүнснээс бусад худалдааг хориглосон нь үр дүнд хүрсэн байна. Хэв журам сахиулахад 3460 цагдаа, 184 машин техник ажиллуулжээ.

Наадам төсөвлөсөн төсөвтөө багтсан байна. Шадар сайдын мэдээлснээр улсын төсвөөс 580 сая, нийслэлээс 300 сая төгрөг зарцуулж билет борлуулах зэргээр 400 сая төгрөгийн орлого оруулжээ. Нийт 432,3 сая төгрөгийг бүтээн байгуулалтад, 320 сая төгрөгийг спорт, урлагийн бай шагналд, 271 сая төгрөгийг наадам тэмдэглэхэд зарцуулсан аж. Нийслэлийн хүн ам өсч төв цэнгэлдэх хүрээлэнд багтахаа больж байгаа тул шинээр 30 мянган суудалтай стадион барих асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Монгол морины стандартыг шинээр тогтоосон ч эргэж харах зүйл гарсан байна. Мөн бөхийн барилдааныг хянах журмыг боловсронгуй болгох талаар санал гарчээ. Тиймгүйгээс сая нэлээд хэдэн маргаантай барилдаан гарсныг хэлж байлаа.

Шөвгийн 32 бөх, эрэгтэй, эмэгтэй харваанд эхний байр эзэлсэн зургаан харваачаас сэргээшийн шинжилгээ авсныг одоо Сөүлд гэрээт лабораторид шинжилж байгаа. Түүний хариу ойрын үед ирнэ гэж Шадар сайд мэдээлснээр хэвлэлийн бага хурал өндөрлөлөө.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж