Эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифт төрөөс хөнгөлөлт үзүүлдэг байсныг сэргээх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 5 тэрбум төгрөгийг 2017 оны төсөвт суулгах санал гаргасан нь дэмжлэг хүлээгээд явж байгаа аж.
Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол өнөөдөр /2016.10.24/ Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнах үеэр хэллээ.
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифт хөнгөлөлт үзүүлэх шийдвэрийг өмнөх Засгийн газрын үед гаргаж, Агаарын бохирдлыг бууруулах санг байгуулж, улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө тусгаж ирсэн ч эдийн засаг хүндэрсний улмаас 2015 оноос эхлэн зогсоосон юм.
Одоо харин буцаан сэргээх бодлого барьж буй юм байна. Эрчим хүчний шөнийн хэрэглээний тарифыг хөнгөлөх нь гэр хорооллын айл өрхүүд цахилгаан халаагуур ашиглан дулаанаа тодорхой хэмжээгээр шийдэх бололцоог бүрдүүлэх учраас салбарын яам энэхүү бодлогыг хэрэгжүүлэх нь хорт утааг багасгах хөшүүрэг болно гэж үзэж байгаа аж.
472.7 тонн хог хаягдлыг цэвэрлэв
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа 21 сав газрын захиргаад орон нутгийнхаа томоохон голын эрэг, булаг шандын ойр орчмыг орон нутгийн захиргааны байгууллага, аж ахуй нэгжүүдтэй хамтран цэвэрлэжээ.
Нийт 472.7 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна. Цэвэрлэгээнд 15654 иргэн, 442 байгууллага оролцжээ.
Самар түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацааг наашлуулжээ
Мэргэжлийн байгууллагын судалгаа дүгнэлтийг үндэслэн хуш модны самрыг есдүгээр сарын 10-наас түүж бэлтгэх сайдын тушаал гаран хэрэгжиж эхэлжээ.
Самар түүж бэлтгэх зөвшөөрлийн хугацааг наашлуулснаар эдийн засаг хямарсан үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагын орлогын эх үүсвэрийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж олгоно гэж үзэж байна.
Ус бохирдуулагчаас төлбөр авдаг болно
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол, журам, жагсаалтыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ.
Хаягдал усаа цэвэрлэж чадалгүйгээр байгальд нийлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээс харьцангуй өндөр төлбөр авдаг болсноор хариуцлага дээшилж, байгаль хамгаалах хөрөнгийн санд тодорхой хуримтлал үүснэ гэж үзэж байна.
Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу ус ашигласны төлбөрт 2013 онд 39.1 тэрбум, 2014 онд 34.5 тэрбум, 2015 онд 42.9 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт оруулсан байна. 2016 онд 38.5 тэрбум төгрөг төвлөрөх ёстой аж.
Хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласнаар байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, усны эх ундаргыг хашиж хамгаалах ажлыг эрчимжүүлж, гол мөрний болон хур бороо, цас мөсний усыг хуримтлуулах усан сан, хөв цөөрөм байгуулж, усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яам ажиллаж байгаа юм байна.
Нүүдлийн аялал жуулчлалын үндэсний төв байгуулна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны өнгөрсөн гурван сарын хугацаанд хийсэн гол ажлын нэг нь Торгоны замын олон улсын бага хурлыг аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан явдал аж. Уг хурлын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Монгол Улсыг нүүдлийн аялал жуулчлалын төв байх, нөгөө талаас манлайлагч нь байж бүс нутагтаа ажиллах нь зүйтэй юм гэсэн шийдвэрийг гаргажээ. Нүүдлийн аялал жуулчлалын үндэсний төвийг барьж байгуулахад НҮБ-аас дэмжихээ илэрхийлсэн байна.
Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол “Монгол Улс эдийн засгаа олон тулгуурт болгоё гэж байгаа энэ үед аялал жуулчлалын салбараас олдог орлогоо нэмэгдүүлэх нь маш чухал. Цаашдаа энэ салбарт ажиллах ажиллах хүчний тоог 100 мянга болгоход анхаарч ажиллана. Хэнтий аймгийг аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэхэд анхаарч ажиллах шаардлага бий. Чингис хааны төрсөн нутаг дахь байгалийн тогтоцыг ашигласан бүтээн байгуулалт өнөөдөртөө дутмаг байна. Гэтэл хөрш зэргэлдээ орнууд маань эзэн хааны нэрэнд тулгуурласан тодорхой бодлого гаргаад, үүнийгээ хэрэгжүүлээд явж байна. Иймд Дадал суманд аялал жуулчлалын төв байгуулахаар ажиллах болно" гэв.
Г.ХОРОЛ