Б.Чойжилсүрэн: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

Б.Чойжилсүрэн: Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, түүнтэй холбоотой хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Төсвийн орлогыг төсөөлөхдөө дутуу авсан байна. Зэсийн үнийг 66 ам.доллараар дутуу оруулж ирлээ, үүнээс 50 тэрбум төгрөг илүү гарах тооцоолол бий.

Нүүрсний үнийг өнөөдрийн байгаа үнээр буюу 50 ам.доллар гэж оруулж ирлээ, 70 ам.доллар байна.

Төрийн албан хаагчдад олгох тэтгэлгийг 36 сар хүртэл гэдэг юм битгий тавиач ээ. 36 сар гэдэг тоог илэрхийлж байгаа биш. Хүүхдийн мөнгийг ингэж ялгавартай олгож болохгүй. Босго шугам байж болохгүй. Судалгааг хийхдээ ерөнхий амьжиргааны түвшинг тогтоосноос биш хүүхдийн мөнгийг өгөхийн тулд тогтоосон юм биш.

Хүүхэд эрсдэлд орсон бол хүүхдийн мөнгийг яах юм. 80 тэрбумын асуудал байна, энийг төр шийдэх л ёстой.

Монгол Улсын хуулиар 50, 55, 60 настай тэтгэвэрт гардаг. Монгол хүний дундаж наслалт 69. Гэтэл насны хишгийг 70-аас дээш насныханд олгоно гэхээр энэ чинь юу болох вэ.

Хамтын тэтгэвэр хамгийн зөв зүйл байсан, та нар улстөржөөд байхгүй болгосон. Насны хишгээ тэтгэвэртээ гарсан болгондоо өгөөч ээ.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн: Зэсийн үнийг дунджаар авсан. Гурван байгууллагын төсөөллийг дунджилж оруулж ирсэн. Нүүрсний үнэ түрдээ өссөн, цагаан сар дуустал хадгалагдана. 2017 оны дунд үеэс үнэ буурна гэсэн дүгнэлт гарсан учраас дээрх дүнг тавьсан.

Бид төсвийнхөө орлогыг бодитой төлөвлөсөн. Орлого давах юм бол тухайн үед нь төсөвт тодотгол хийгээд зарцуулах эрх бий. Тэгэхгүй бол төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасардаг. Засгийн газар төсвийг биелүүлж болохуйц байдлаар төсөөлсөн.

36 сарын тэтгэлгийг хуучин байснаар сэргээсэн. Танай намыг олонх байхад, Засгийн газрын гишүүн байхад ч үйлчилж байсан, цаашаа үргэлжлээд явахаар оруулж ирсэн.

Хүүхдийн мөнгөний тухайд эх үүсвэр хүрэхгүй байгаа учраас л зорилтот хэсэгт олгохоор шийдвэрлэсэн.

Насны хишиг шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн. Гаргаж чадаж байгаа эх үүсвэр нь 20 орчим тэрбум төгрөг. Энэндээ тохируулаад мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлье гэж байна. Эдийн засаг гайгүй болсон нөхцөлд бүх хүүхэд, бүх ахмаддаа олгоод явах бодлого баримтална. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байгаа санаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж