Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” буюу “Дэлхийн мисс”-ийн тэмцээн ирэх сард АНУ-ын Мэрилэнд мужид эхэлнэ. Тус тэмцээнд оролцох Монгол улсын миссийн нэр өнөөдөр/2016.10.22/ тодорлоо.
“Miss World-2016” гоо бүсгүйн тэмцээнд Алтангэрэлийн БАЯРЦЭЦЭГ оролцохоор болсныг зарлалаа. Жил болгон уламжлал болгон болдог энэхүү арга хэмжээг "Asian future" компани зохион байгуулсан юм.
Энэ жилийн “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд болно.
А.Баярцэцэг өнгөрсөн жилийн "Miss World Mongolia" тэмцээнд "Зорилго бүхий гоо сайхан" тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарсан. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн мисс буюу "Miss Earth" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д багтсан юм. Тус тэмцээнд монгол орноо сурталчилсан Эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч, "Youtube" сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан юм.
А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани хэлтэй.
Тэрээр,
- 1990 оны арваннэгдүгээр сарын 29-д Улаанбаатар хотноо төрсөн
- Испанид сурч байхдаа "Escala" загварын агентлагт ажиллаж байсан
- 2008 оноос хойш "Торго" агентлагт загвар өмсөж байна
- 2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн
- "Netflix"-ийн "МаркоПоло" цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан
- Алдарт найруулагч Кристофер Копполагийн "Deadbeats" тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн
- "Миний эхнэр тагнуулч", "My Sacred Blood", "White on Rice" зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэн
- 2017 онд зураг авалт нь хийгдэх "Зоригт Хотолун Гүнж" түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглоно
- "Язгуурлугаа" баримтат уран сайхны киногоо өөрөө найруулан хийж байгаа
Ч.ЧУЛУУНБАТ