Олон улсын сонирхогчдын боксын холбооны /AIBA/ 2016 оны календарчилсан хөтөлбөрт багтсан “Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээн өнгөрөгч Мягмар гаригт /2016.10.18/ Спортын төв ордонд эхэлсэн. Тэмцээний хуваарь ёсоор өчигдөр амралттай байсан бол өнөөдөр үргэлжилж байна.
Энэ удаагийн цомын тэмцээнд ОХУ, БНХАУ, Узбекстан, Сингапур, Унгар, Монголын эрэгтэй 61, эмэгтэй 24, нийт 81 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн жинд өрсөлдөж байгаагаас өнөөдөр мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд болно.
Тэмцээний эхний өдрүүдэд Д.Мөнх-Эрдэнэ /49 кг/, О.Мөнхсайхан /56 кг/, Э.Цэндбаатар /56 кг/, О.Батзориг /69 кг/, Ф.Мелибоев /Узбезстан, 69 кг/, Ху Ричабилиге /БНХАУ, 69 кг/, Б.Мөнх-Ирээдүй /69 кг/, Жилей Жан /БНХАУ, 75 кг/ нарын боксчид эхний ялалтаа авч хүрэл медалийн болзол хангасан.
Мөн эмэгтэй боксчдоос М.Нандинцэцэг, Турсуной Рахимов /Узбекстан/, Анита Боде /Унгар/, Л.Алтанцэцэг /бүгд 51 кг/, Д.Шинэцэцэг /54 кг/, М.Мафтуахон/Узбекстан/, У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал/бүгд 60 кг/ нар өрсөлдөгчөө хожсон юм. Тэгвэл өнөөдөр шийдвэрлэх тоглолтууд болж, хожсон нь аваргын төлөө тоглох юм.
“Чингис хаан-Улаанбаатарын цом” олон улсын тэмцээний финалын тоглолтууд маргааш /10.22/ болно.
“Чингис хаан-Улаанбаатарын цом” тэмцээн нь “Рио 2016” олимпийн наадмаас хойш манай улсад болж буй анхны олон улсын тэмцээн болж байна. Мөн тэртээ 1969 оноос эхлэн зохиогдож эхэлсэн “Улаанбаатарын цом” Олон улсын тэмцээнийг “Чингис хаан-Улаанбаатарын цом” нэртэйгээр 16 жилийн дараа сэргээн зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.
Ч.БОЛОР