2017 оны амаргүй төсвийн хэлэлцүүлэг эхэллээ | News.MN

2017 оны амаргүй төсвийн хэлэлцүүлэг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.24-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

2017 оны амаргүй төсвийн хэлэлцүүлэг эхэллээ

2017 оны амаргүй төсвийн хэлэлцүүлэг эхэллээ

Сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох орон нутгийн сонгуультай холбоотойгоор түр завсарласан УИХ өнгөрсөн Пүрэв гаригт /2016.10.20/ ажлаа эхэлж ирэх 2017 оны төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ. Тун амаргүй хэлэлцүүлэг байх нь тодорхой. Улсын төсвийн алдагдал байж болох дээд хэмжээнд хүрсэн, гадаадын хөрөнгө оруулалт зогссон, эдийн засагт эргэлдэх мөнгөний хэмжээ хумигдсан, экспорт унасан, статистикийн дүнгээр эдийн засагт дифляц нүүрлэсэн гээд сайн мэдээ байхгүй байгаа үед шинэ эрх баригчид яаж хөнжлийнхээ хэрээр хөлөө жийх вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулах шаардлагатай байгаа.

Засгийн газраас оруулж ирсэн төслөөр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 2016 онд 6,642.0 тэрбум төгрөгөөр төсөвлөж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу төсвийн алдагдлыг дөрвөн хувиас хэтрүүлж болохгүй тул төсвийн зардлын боломжит дээд хязгаар 7,722.8 тэрбум төгрөг байхаар төсөөлжээ. Энэ нь 2015 оны тодотгосон төсөвтэй харьцуулбал нийт зарлагыг 114.6 тэрбум төгрөгөөр бууруулах шаардлагатай гэсэн үг. Харин нэгдсэн төсвийн нийт зарлагыг 7,722.8 тэрбум төгрөг байхаар төсөлвлөсөн нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,080.8 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -4.0 хувьтай тэнцэхээр байгаа юм.

Танах боломжтой бүх зардлыг танаж, орлого нэмэгдүүлэх тал дээр ажиллана гэж эрх баригчид тооцоолж байгаа ч нэгэнт тэлсэн төсвийг буцаан хумих амаргүй байна. Орлого нэмэгдүүлэх зорилгоор татвар нэмэх Засгийн газрын санал УИХ-ын зүгээс ч, иргэд, аж ахуйн нэгжийн зүгээс ч дэмжлэг авч чадаагүй. Орлогын эх үүсвэр хомсдохын хажуугаар ирэх оноос өнгөрсөн жилүүдэд авсан бондын өрийг төлөх графикт хугацаа тулж ирсэн нь эрх баригчдыг бүүр бачимдуулав. Хөгжлийн банкны бонд, залгуулаад “Чингис” бондын өрийг ирэх 2017 онд төлөх учиртай. Хөгжлийн банкны бондын төлөх өр 580 сая ам.доллар бол “Чингис” бондын өр 500 сая ам.доллар.

Төсвийн төсөөлөлд, Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт ирэх гурван жилд дунджаар тав орчим хувь байхаар төлөвтэй байна гэсэн нэлээн өөдрөг төсөөлөл. Монгол улсын эдийн засгийн өсөлт 17 хувь хүрч байсан 2011 онд энэ өсөлтийг хангасан гол зүйлс нь уул уурхайн салбарт орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт, ашигт малтмалын экспорт байсан. Гэвч энэ хоёр хүчин зүйлс одоо байхгүй. 2010-2012 онд өндөр байсан ашигт малтмалын дэлхийн зах зээлийн үнэ унасан, Монголын уул уурхайн салбарт орж байсан гадаадын хөрөнгө оруулалт үндсэндээ буцаад гараад явчихсан. Хэл амтай ч энэ онд эхлүүлж чадсан Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт болон улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхний хэрүүлийн алим болоод удаж байгаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглаж эхлэх явдалд ихээхэн найдлага тавьж байх шиг байна. “Хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт өсөлт харьцангуй хадгалагдахаар байгаа бол төсвийн орлогод голлох нөлөө үзүүлдэг уул уурхайн салбарт уналт ажиглагдахаар байна” хэмээн төсвийн төсөөлөлд дурджээ.

Гэсэн ч өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлтөд гол хувь нэмэр оруулж байсан Оюутолгойн ордын зэсийн баяжмал, түүнд агуулагдах алтны хэмжээ 2016 оноос эхлэн багасч, 2018 оны сүүл хүртэл буурахаар байна. Ингэснээр уул уурхайн салбар 2016-2017 онуудад жил дараалан буурах төлөвтэй байна. Оюутолгойн далд уурхай, Тавантолгойн бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлсэн нөхцөлд барилга болон худалдаа зэрэг уул уурхайн бус салбарын өсөлтийг дэмжих боломжтой. Гэхдээ эдгээр төслүүдийн хөрөнгө оруулалт орж ирээгүй нөхцөлд эдийн засгийн өсөлт дээрх төсөөллөөс огцом саарах эрсдэлтэй гэжээ.

Төсвийн сахилга батыг чангаруулах, төсвийн бодлогодоо өөрчлөлт хийхийг олон улсын санхүүгийн байгууллагууд Монголын Засгийн газарт анхааруулсаар удсан. Энэ дагуу төсвийн орлогыг бодитойгоор төлөвлөх, татварын орчныг тогтвортойгоор хадгалах, төсвийн зарлагыг хэмнэх, үр ашиггүй зардлыг бууруулах, зорилтот бүлэгт чиглэсэн халамжийн бодлого хэрэгжүүлэх, төсвийн үндсэн тэнцлийг алдагдалгүй төлөвлөх, гадаад эх үүсвэр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжиж буй санхүүжилтийг ДНБ-ийн дөрвөн хувьтай тэнцэх хэмжээнд багтаах, Засгийн газрын өрийг тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг бий болгох замаар макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилтуудыг Засгийн газар дэвшүүлж байгаа нь хэтдээ үр дүн авчрах өөрчлөлт юм.

Зардлыг зөв газраасаа хумьж байна уу гэдэг дээр шүүмж цөөнгүй гарч байна. Тухайлбал, өмнөх Засгийн газрын танаад байсан дэд сайдуудын албан тушаалыг эргэн сэргээж, бялуу хуваасан нь үргүй зардлын нэгд тооцогдсоор байна. Мөн зардал хумих чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлэхээр санал болгосон хэд хэдэн арга хэмжээг эргэн харахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт санал болголоо. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний төсвийн санхүүжилтийг ирэх оноос эхлүүлэх, үүнтэй холбогдуулан эхний ээлжид таван тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах, аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд олгох улсын төсөв, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн шилжүүлгийг өмнөх хүрсэн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг Сангийн сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгах, өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч, цэргийн албан хаагчдын нэг удаагийн тэтгэмж 36 сар байх, энэхүү тэтгэмжийг тооцох аргачлалыг хэвээр хадгалах, олгох тэтгэмжийг өмнөх жилүүдийн түвшингээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан зохих эх үүсвэрийг 2017 оны төсөвт бүрэн хэмжээгээр нь тусгах, МСҮТ-үүдийн хувьсах болон хичээл, практикийн зардлын төсвийг нэг суралцагчид ногдох нормативаар тооцон өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр олгоход 1,9 тэрбум төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад сар бүр олгодог тэтгэлгийг үргэжлүүлэхэд зориулан 30 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны төсвийн багцад тус тус нэмж тусгах, Гадаадын их, дээд сургуулиуд, үүний дотор олон улсын тэргүүлэх 20 сургуульд суралцагчдын зардал, тэтгэлгийг цаашид үргэлжлүүлэн олгох, үүнтэй холбогдуулан 12 тэрбум төгрөгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны төсвийн багцад нэмж тусгахыг санал болгосон. Эдгээр саналыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.12 дахь хэсгийг баримтлан “нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалгахыг” Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүссэн.

Эдийн засаг муудаж, төсөв хүндэрсэн нь бодлого боловсруулагч, хууль тогтоогчдын алдаа болохоос жирийн иргэдийн алдаа биш юм. Тиймээс энэ алдаагаа жирийн иргэдийн нуруунд үүрүүлэх, тэдний халаасанд ирэх орлогыг багасгах замаар шийдэх шийдвэр биш. Халдсан ч хар халзандаа халдах зарчим ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн жанжин шугам байх учиртай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж