Зайсангийн баруун амнаас Баруунширээт чиглэлийн маршрутаар Богд уулын хойд хэсэг рүү алхах 3.6 километр аяллын замыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулсан байна. Ингэхдээ явган зорчигчид амрах сүүдрэвч сандал ширээ, хашлага, горхи гатлах гүүр, хальтирч унахаас хамгаалсан хашлага болон зөв зохистой аялах зөвлөмж, мэдээллийн самбар, Богдхан ууланд амьдардаг ан амьтдын тайлбарыг бичиж, байршуулжээ. Зайсангаас салаалж, Богдхан уул руу өдөрт 20 орчим мянган хүн алхаж, олон салаа жимийг үүсгэсэн байдаг. Тэгвэл иргэд байгальдаа ээлтэй хандаж, олон улсын стандартад нийцсэн зориулалтын аяллын замаар алхаж, Богд уул руугаа мацсан олон жимийг дахин гаргахгүй байх боломжтой боллоо. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Богдхан уулыг Улаанбаатар хотын аяллын бүс болгох зорилтыг тавьж, ийнхүү тохижилтын ажлыг эхлүүлсэн байна. Цаашид аяллын бүс, жимд орсон газрыг чөлөөлж, иргэд явганаар аялангаа, амарч зугаалах боломжтой амралтын төв, автомашины зогсоол зэргийг шинээр барьж, тохижуулах аж.
Богд уул руу аялагч иргэд дунд байгальдаа байнга хогоо хаядаг, тохижуулсан сандалыг нь эвдэж сүйтгээд зогсохгүй согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс бийг байгаль хамгаалагч анхааруулав. Иймээс явган аяллын 3.6 километр үргэлжлэх зам болоод дагалдах тохижилтын бүрэн бүтэн байдалд тавих хяналт, арчлалт, хамгаалалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажиллах юм.
Иргэд эрүүл мэнддээ анхаарч, явган алхалт хийн амралтын өдөр, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд энэхүү явган зам хамгийн их хэрэгтэй аж. Учир нь Богдхан уулд найз, нөхөд, ажлын хамт олноороо зугаалж яваад төөрсөн иргэд бишгүй байжээ. Төгсгөлд нь уг тохижилтын ажил олон улсын стандартын дагуу хийгдсэн аяллын анхны явган зам гэдгийг дахин онцолъё.
Зураглаач Н.БАТМӨНХ