“Уу булан”-гийн уйтгартай үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

“Уу булан”-гийн уйтгартай үйлчилгээ

Амралтын өдрүүдэд нийслэлчүүд агаар, салхинд гарах сонирхол ихтэй болсон. Гэтэл утаанаас дайжиж, хүүхдүүдээ цэвэр агаарт байлгая, амралтаа дуу чимээнээс хол өнгөрүүлье гэж хотыг түр орхин гарах хүмүүст очих газар олдохгүй юм.

Амьдралын хэв маяг, нийслэлчүүдийн “агаар” хүсч байгаа энэ эрэлт хэрэгцээг мэдэрч, үйлчилгээгээ сайжруулах хүсэлтэй амралт, жуулчны бааз одоо болтол байхгүй байгаа нь харамсалтай.

Амралтын газрын орчин, байгалийн тогтоцыг харуулсан зураг сошиалд нилээд цацагдсан нь сонирхол татсан болохоор “Уу булан” гэх амралтыг амралтын өдрүүдэд зорьж очлоо.

Хотын зах, Тэрэлж, Багануурын чиглэлд байдаг амралтын газруудын зам дагуу самар зарсан хүүхдүүд машинд шүргүүлчих нь холгүй гүйлдэх аж. Цонжинболдог явах замд байдаг гэх “Уу булан” амралтын газрыг зааж чиглүүлсэн том хаяг байхгүй бөгөөд бараг хүний нүдэнд өртөхөөргүй жижигхэн, модон самбар замын хажууд хатгажээ. Улаанбаатар хотын эргэн тойронд байх амралтын газруудын хаяг, зам, мэдээллийг тодорхой заасан тэмдэглэгээ ер нь ховор байдаг.

Улаанбаатар хотоос 40 гаруй км яваад, төв замаас салж, зүг заасан самбараар баримжаалан шороон замаар тав орчим км яваад “Уу булан” амралтад хүрлээ. Хүмүүс олон иржээ. Ялангуяа хүүхдээ дагуулсан өдрийн амрагчид их байв.

Амралтын наад хэсэгт хашаа хатгажээ. Хашаагаар орохын тулд хүн тус бүр 2500 төгрөг төлдөг юм байна. Үүнийг байгалийн тогтоц харах, зураг авахуулах үйлчилгээний төлбөр гэж ойлгов. Хашааны наана сул шороо ихтэйгээс машин явахын тоолонгоор тоосонд даруулахаар шинжийн.

Хотоос хэрэг болгож зорьж очсон амрагчдын дийлэнх нь фэйсбүүк, твийтерт сонирхлыг нь татсан зургийг хараад ирэх сэдэл төрсөн гэцгээж байв.

Амралтын хувьд байдаг л нэг газар. Зураг шигээ гоё биш, төсөөлснөөс өөр орчин угтав. Бусад амралтын газруудыг бодвол модон ширээ сандал, савлуур зэргийг байрлуулж, “зураг авалт”-ын трэнд болоод байгаа тэрхэн орчныг боломжийн хэмжээнд торджээ. 

Төв аймгийн Эрдэнэ сумын сангийн аж ахуйд зориулж Туул голоос шуудуу ухан, ус татах явцад зэргэлдээ моддын дунд ус тогтсоноор энэ хэсэг үүсч бий болсон гэдэг. Харахад, салхилахад бол таатай орчин. Эргэн тойрныг нь ч гэсэн тохижуулах гэж хичээсэн нь сайн. Гэхдээ нэгэнт олон хүн сонирхож, зорьж очиж байгаа үед нэг хоёрхон ширээ, савлуур зэрэгхэн хангалтгүй. Үүнийг энэ чигт нь орхилгүй гэр бүлээрээ амарч зугаалагсдад зориулсан цэцэрлэгт хүрээлэн маягийн хэсэг бүрдүүлж, тохижилт хийвэл илүү аятайхан санагдав. Уул, ус, мод, байгаль, орчноо “Уу булан”-гийнхан ашиглавал гол давуу тал нь болмоор.

Үдийн цайгаа уух гэсэн амрагчдад гадна байрлуулсан ширээ, сандал хүрэлцэх боломжгүй тул амралтын зах хэсэг явж, газраар идэж уух зүйлсээ өрж суусан харагдлаа. Ингээд ирэхээрээ л нэг ирсэн хүн тэр амралтад дахиж очихгүй, эсвэл хүндлэлгүй болж, хог хаягдлаа хаа сайгүй орхихоос эхлээд асуудалтай.

Тогтсон ус, ургасан мод, тавьсан ширээ сандал зэргээс цааш бол “Уу булан” амралт бусад дундаж амралтын газруудаас дээрдэх зүйл алга. Тохь тух муутай модон байшин, цагаан бүрээс нь өнгө алдсан хэдэн гэр. Зуны байшинд өдрийн цагаар байрлахад 60 мянган төгрөг, гэрт хоногоор орвол 100 мянган төгрөг.

Энд ихэнх амрагчид өдрөөр салхилахаар иржээ. Гэтэл цайны газарт нь энэ өдөр хоол байсангүй. Үүд хаалга нь онгорхой, тогооч нар нь байгаа юм шиг мөртөө ядаж халуун цай, чацаргана, аарц асуусан хүмүүсийг хоосон гаргав. Намрын сэрүү орчихсон үед зуун мянгаар гэр авч хонох шаардлагагүй амрагчид өдрийн цагаар халуун хоол, цай авъя гэх нь ээ газрын мухарт байгаа ганц гал тогоо нь ажиллахгүй байна гэдэг амралтын газрын хамгийн бүдүүлэг зүйл байлгүй.

Ер нь тэгээд Улаанбаатарын уул усны нүх сүв бүрт шигдсэн иймэрхүү гэр амралтуудын стандарт, үйлчилгээ гэж хаа ч ялгаагүй болхи. Таван ханатай хүйтэн гэрт дөрвөн ор тавьчихаад зуун мянган төгрөгөөр үнэлдэг нь утгагүй юм. Нэг гэр бүл ийм хэмжээний мөнгө гаргаад, тэр гэрт тохь тухтай амарна гэж байхгүй болохоор бүдүүлгээр хэлэхэд иймэрхүү амралтууд зүгээр л бөөнөөрөө очиж архиддаг газар мэт ойлгогддог. Үнэхээр л дотор нь хүн амруулъя гэж бодож байгаа бол амралтууд дөрвөн модон ор тавьсан, шалгүй гэрүүдээ өөрчилмөөр. Олон жилийн өмнө л ийм байсан, одоо ч үнэр танар гэж авах юмгүй хэдэн гэртэйгээ л амрагчдыг угтаж байна. Өөрчилье ч гэж хичээдэггүй бололтой.

“Уу булан”, “Уу булан” л гээд байсан. Учиргүй тоож очсон тэр газар санаанд хүрсэнгүй. Уух цай, идэх хоол, амрах өрөөгүй “булан”-гийн зочид усны хажууд ганц кадр татуулчихаад буцаж харагдана лээ.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж