Монголын Уран зургийн галерейн санаачилгаар Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургууль, Клей арт керамик студийн хамтран хэрэгжүүлж буй "Аниргүйн мэдрэмж" тэмтрэхүйн төслийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
“Музейн үзмэр ховор нандин, амархан гэмтэх онцлогтой байдаг учир “Үзэгчид музейн гар хүрч болохгүй” гэсэн хориг аль ч музейд байдаг. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэд музей үзэх боломжгүй болдог бөгөөд тэдэнд музей үзэх адил тэгш боломж олгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байгаа аж. Мөн тус үзэсгэлэн нь харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд керамик урлалын боловсрол олгох, цаашлаад нарийн мэргэжлийн уран бүтээлч болох, бусдад хэдий хараагүй ч бид урлагийн бүтээл туурвих чадвартай, хүсэл сонирхолтой гэдгийг харуулахад нь туслах юм.
О.САР