“Хөшигийн хөндий”-г Ази-Европыг холбох гүүр болгоно

Хуучирсан мэдээ: 2016.10.21-нд нийтлэгдсэн

“Хөшигийн хөндий”-г Ази-Европыг холбох гүүр болгоно

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.

Шинэ Засгийн газар байгуулагдаж салбарын сайд нар ажлаа хүлээж аваад 100 хоног болж байгаа. Энэ хугацаанд зам, тээврийн салбарын харьяа байгууллагуудын ажлуудыг идэвхижүүлж, Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах томоохон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг эхлүүлэх зэрэг ажлуудад түлхүү анхаарал хандуулж ажиллаж буй талаараа сайд Д.Ганбат онцлов. Ингэхдээ Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, БНХАУ, ОХУ-ыг холбосон коридорын тоог нэмэгдүүлэх, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, Ази-Европыг холбох гүүр болгох бодлого баримтлан ажиллаж байна гэлээ.

Засгийн газрын 100 хоногт төмөр замын тээврийн салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан судалгааны ажил, Монгол–Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулах, Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах зэрэг ажлуудыг хийжээ. Мөн Бүс нутгийн логистикийн төслийн хүрээнд барилгын ажил эхлүүлэхээр болсон талаараа ч дуулгалаа. Цаашид төмөр замын салбарт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд олон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнд “Шивээхүрэн-Сэхэ”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам, Оюутолгойн салбар төмөр замын ажлуудыг барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч, агаарын навигацийн болон нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулахад сүүлийн 5 жилд гэхэд 150 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байгаа талаар сайд Д.Ганбат хэллээ. Хамгийн том хөрөнгө оруулалт болох жилдээ 3 сая зорчигчдыг нэвтрүүлэх хүчин чадалтай, 617 сая ам.доллараар байгуулж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт бөгөөд энэхүү нисэх буудлыг 2017 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд нисэх буудлуудын дэд бүтцийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын стандарт, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх, алслагдсан бүс, орон нутгийн иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэх зорилгоор орон нутгийн нисэх буудлуудыг үе шаттайгаар өргөтгөж, техник, технологийн шинэчлэлтийг нэвтрүүлэх ажлуудыг гүйцэтгэх шаардлагатай байгаа аж.

Мөн тэрээр автотээврийн хилийн боомтуудыг нээх, зорчигч тээврийн байнгын үйлчилгээг зохион байгуулах, ачаа, зорчигч тээвэрлэх зөвшөөрлийн системийг нэвтрүүлэх, хилийн боомтуудад автотээврийн үйлчилгээг өргөжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа талаараа танилцуулав. Энэхүү ажлын эхлэл болгож Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан юм. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга – Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хотыг хүртэлх зорчигчдын тогтмол тээврийн маршрутыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж