Адриан Муту есөн сар эрхээ хасуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Адриан Муту есөн сар эрхээ хасуулжээ

Английн “Челси” клубт хүчин зүтгэж байсан Румыны шигшээ багийн довтлогч Адриан Муту өнгөрөгч нэгдүгээр сард сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн учир Италийн олимпийн хорооноос есөн сарын хугацаатай түүний эрхийг хасчээ. Нэгдүгээр сард Италийн Сери А лигийн “Бари” болон “Лацио”-гийн эсрэг хийсэн тоглолтын дараа түүнээс авсан сэргээшийн шинжилгээнээс хориотой эмийн бодис илэрсэн учир түүнд дээрх шийтгэлийг ногдуулсан бөгөөд Муту аравдугаар сарын 29 хүртэл талбайд гарах эрхгүй болсон байна. Румыны шигшээ болон Италийн “Фиорентина” клубт хүчин зүтгэж буй 31 настай Муту олимпийн хорооны шийдвэрт сэтгэл дурамжхан байгаагаа илэрхийлээд, “Надад үнэхээр таалагдахгүй байна. Ийм урт хугацааны шийтгэл арай дэндэж байна” гэжээ.
Сануулахад, 2004 онд Мутугийн шинжилгээнээс кокайн илэрсэн учир долоон сарын турш талбайд гарах эрхээ хасуулж байсан юм. Энэ удаад түүний шинжилгээнээс сибутрамин гэх бодис илэрсэн бөгөөд уг бодисыг ихэвчлэн тарган, жин ихтэй хүмүүсийн хоолны дуршлыг бууруулах зорилгоор хэрэглэдэг байна. Харин Мутугийн мэдүүлснээр түүний ээжийнх нь өгсөн тураах бэлдмэлд энэ бодис агуулагдсан байсан гэнэ. Тэрбээр олимпийн хорооны удирдлагад хандан ууртайгаар “Энэ шийтгэл үнэхээр шударга бус байна. Дэндүү урт хугацаа. Тийм ээ, яалт ч үгүй буруутай байсан болохоор би шийтгэл амсана гэдгээ мэдэж байсан. Гэхдээ бодож, төсөөлж байснаас дэндүү урт хугацаа байна. Миний зүгээс улирлын үлдсэн тоглолтууд, хөгжөөн дэмжигчдээ орхих болсонд уучлал хүсч байна” гэжээ.
Мутугийн өмгөөлөгчийн хэлснээр Румыны шигшээ багийн ахлагч Муту Швейцарийн Лозаннад төвтэй Спортын арбиторын шүүхэд давж заалдах бодолгүй байгаа гэнэ. Дашрамд сануулахад, 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтад оролцох Румыны шигшээ багийн тоглолтууд есдүгээр сарын 3-нд эхэлнэ.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж