2016 оны 10 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 10 дугаар сарын 13-ны өдөр “Монгол-Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум” амжилттай зохион байгуулагдлаа.
“Монгол-Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-ыг Японы “Жетро” (Гадаад Худалдаа, Экспортыг Дэмжих Байгууллага)–ын гүйцэтгэх захирал ноён Хироюки Ишигэ, Японы Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн дэд сайд ноён Такүми Ихара болон Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар нээж үг хэлэв.
Түүнчлэн, Японы албаны хүмүүс болон бизнес эрхлэгчдэд Гадаад Харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Монгол Банкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэн, Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, “Клин энержи Азиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг нар тус тус илтгэл тавьсан бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан “Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, боломжууд” сэдвээр мэдээлэл хийлээ.
Япон, Монголын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, хөрөнгө оруулалт татах, хоёр орны худалдааг өргөжүүлэх, бизнесийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан тус бизнес форумд Монгол, Японы 250 гаруй хувийн хэвшлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчид оролцлоо.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР