Гэр хороололд зорчих хэсэг хааж хашаа хатгасан газруудыг чөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Гэр хороололд зорчих хэсэг хааж хашаа хатгасан газруудыг чөлөөлнө

Аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал гэр хорооллын зарим хэсэгт нарийн гудамж, “зөрөг”, гудамж дундах зам, гарцыг хаасан хэсгүүдийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ. Тодруулбал, Тэрээр Даваат, Их залуу багт нарийн гудамж, зөрөг таглаж барьсан болон авто зам хааж хашаа хатгасан хэд хэдэн хэсэгт очсон юм. Түүнтэй хамт Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Газрын зөрчил маргаан хариуцсан мэргэжилтэн тухайн газруудад ажиллалаа.

Дээрх багийн оршин суугчид энэ үеэр нарийн гудамж, авто зам хааж хашаа хатгасан нь олон талын хүндрэл бий болгож байгааг хэллээ. Учир нь цагдаа, Онцгой байдал, түргэн тусламжийн авто машин олон тооны айлд тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжгүйн дээр хувийн авто машинаа ч хашаандаа оруулж чадахгүй нөхцөл байдал бий болоод удсан байна. Энэ нь аливаа эрсдэл, гамшиг, осол тохиолдоход яаралтай арга хэмжээ авах боломжгүйд хүргэнэ гэдэгт санаа зовинож буйгаа илэрхийлж байлаа. Мөн хүйтний улиралд хашаандаа түлээ, нүүрс татах боломжгүй байгаагаа уламжиллаа.

Тиймээс Аймгийн Засаг даргын Хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч С.Батжаргал газар дээр нь шийдвэр гаргаж нарийн гудамж, “зөрөг”, гудамж дундах зам, гарцыг хаасан хэсгүүдийг чөлөөлөхөөр боллоо. Үүнд нь Даваат, Их залуу багийн иргэд талархаж буйгаа илэрхийлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж