Хөлбөмбөгийн шигшээ багийнхан арваннэгдүгээрсарын 02-11-ий өдрүүдэд Малайзын нийслэл Куала Лампур хотод болох "AFC Solidarity cup" тэмцээний бэлтгэлээ базаахаар урд хөршийг зорилоо.
Манай баг өнгөрөгч долдугаар сард Гуамд болсон 3үүн азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд Тайвань, Макао, Умард Марианы арлууд гэсэн гурван улстай өрсөлдөж, хэсэгтээ нэг хожил, нэг тэнцээ авч, нэг хожигдсон ч цааш шалгарах боломжоо алдсан. Гэхдээ Умард Марианы арлуудыг 8:0-ээр буулган авч, шигшээ багийн хамгийн олон гоолын зөрүүгээр хожсон үзүүлэлтийг тогтоосон билээ.
Тэрхүү тэмцээнээс довтолгооны санаачлага өндөртэй, хурдтай гүйлт, шахалтыг 90 минутын турш хийдэг, тэс өөр тоглолттой шигшээ багийг бид харсан. Харин энэ жил анх удаагаа зохиогдож байгаа "Эв нэгдэлийн цом" нэртэй тэмцээнд, шинэ бүрэлдэхүүн, шинэ эрч хүчтэйгээр оролцох гэж байна. Дундаж нас дөнгөж 22,8 байгаа тул Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн нэгэн үе солигдож байна гэж үзэж болно.
Өнөөдөр Бээжин хотыг зорьсон шигшээ багийн залуус 14 хоногийн бэлтгэл хийгээд ирэх сард Малайзыг зорино.
Монголын баг "Эв нэгдлийн цом"-д Шри Ланка, Макао, Лаус гэсэн гурван улстай оноолт таарсан. Тэд эхлээд Макао улсын шигшээ багтай арваннэгдүгээр сарын 3, дараа нь Шри Ланк-тай арваннэгдүгээр сарын 6-нд, хэсгийн сүүлийн тоглолтоо арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Лаосын шигшээ багтай хийх хуваарьтай байгаа.
Эх сурвалж: МХБХ