Хойд Солонгос бямба гаригт/2016.10.15/ дундын зайн тусгалын баллистик пуужин хөөргөсөн нь амжилтгүй болсон хэмээн АНУ-ын Пентагон мэдэгдлээ. Хойд Солонгосын баруун хойд хэсгийн Кусон хотын ойролцоогоос “Мусудан” баллистик пуужинг хөөргөсөн байна. АНУ-ын Гуам хүрэх хүчин чадалтай “Мусудан” баллистик пуужингийн туршилтыг Хойд Солонгос өнгөрсөн гуравдугаар сараас хойш олон удаа хийсэн боловч амжилтгүй болсон юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг үл тоон Хойд Солонгос удаа дараа баллистик пуужингийн туршилт хийж буйн эсрэг АНУ нь Япон зэрэг холбоотон орнуудын хамт Пхеньяны эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Үүний зэрэгцээ АНУ-ын “THAAD” пуужингийн довтолгооноос хамгаалах системийг Өмнөд Солонгост байршуулахаар болсныг Пхеньян эсэргүүцэн, янз бүрийн сүрдүүлэг хийж байна. Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА