Жилд 3-5 сая зорчигч хүлээн авах, 22 мянган онгоц хөөрч буух зурвас бүхий хүчин чадалтай гэгдэх Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажил өрнөж буй. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасангаас тодрууллаа.
-Шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ?
–Шинэ нисэх буудлын төслийн үндсэн ажил 97 хувьтай байна. Энэ нь зээлийн санхүүжилтээр баригдаж буй 30 гаруй барилга байгууламж, объектуудын гүйцэтгэл юм. Энэ хэсгийг нэгдүгээр сарын 4-нд Японы талаас хүлээж авах учиртай. Дараа нь ашиглалтад бэлдэх ажлыг шуурхай эхлүүлнэ. Одоогоор Иргэний нисэхийн ерөнхий газар дээр 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг эхнээс нь хангаж байна. Мөн төсвийн хөрөнгөөр хийж буй гурван барилгын ажил 30-40 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хэсгийг нисэх буудлын үйл ажиллагаа эхлэхээс өмнө ашиглалтад оруулах шаардлагатай.
Шинэ нисэх буудлын ажлыг үргэлжлүүлэхэд Монголын талын хариуцлагатай үе ирсэн гэж ойлгож болно.
Ажлын хэсэг үйл ажиллагааны дүрэм журам боловсруулах, тоног төхөөрөмжийн шалгалт хийх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага, Монголын иргэний нисэхийн байгууллагаас авах гэрчилгээ, лицензүүдийн бэлтгэл ажлыг хангаж байна.
-Төсвийн хөрөнгөөр барьж буй барилгын ажил яагаад удаашралтай байна вэ. Санхүүгийн асуудал гарсан уу?
-Японы Жайка байгууллагын санхүүжилттэй хэсэг нь бүрэн хийгдээд явж байна. Харин төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх зарим ажил бага зэргийн хоцрогдолтой. Захиргааны, аэродром засвар үйлчилгээний, ачаа шуудангийн гэсэн гурван барилгын ажлыг төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа. Энэ барилгуудад төсөв ,санхүүтэй холбоотой хүндрэл үүссэн тал бий.
-Яаж шийдвэрлэх вэ, энэ асуудлыг?
-Зам тээврийн хөгжлийн яамны Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, тодорхой шийдлүүд гаргасан. Ирэх долоо хоногоос Засгийн газрын хуралдаанд танилцуулж, чиглэл авахаар ажиллаж байна.
-Ямартай ч нисэх буудлын зарим хэсгийг эхнээсээ хүлээж авах гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?
-Тийм. Бэлтгэл ажлыг өргөн хүрээнд хийх шаардлагатай. Бид одоогоор зөвхөн нисэх буудлын барилгатай л болж байна. Цаашид нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхэд маш их ажил хүлээж байгаа. Энд нэг, хоёрхон барилгын асуудал яригдахгүй. Бүхэл бүтэн нисэх буудлын цогц үйл ажиллагаа шаардлагатай тул харилцан уялдаа холбоо, үйл ажиллагааг жигдрүүлэх хэрэгтэй байгаа. Тиймээс бэлтгэл ажлыг эхлүүлэхэд Монголын талын хариуцлагатай үе ирсэн гэж ойлгож болно. Харин төслийн хувьд 97 хувьтай, сайн үргэлжилж байгаа.
Б.ЗАЯА
Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ