2016 оны сум, дүүргийн сонгуульд нэр дэвшиж байгаа Ардчилсан намын нэр дэвшигчдэд зориулсан сургалт 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулагдаад байгаа билээ. Нэр дэвшигчид сонгуулийн кампанит ажлаа сурталчилгааны цөөхөн хоногт хуулийн хүрээнд, хэрхэн оновчтой зөв явуулахад чиглэсэн тус сургалтыг Ардчилсан намын Улс төрийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Г.Батхүү санаачилсан бөгөөд Ардчилсан нам, МоАН Санаачилга ТББ-тай хамтран амжилттай зохион байгуулаад байгаа юм.
Сум орон нутаг болоод дүүргийн сонгуульд оролцож байгаа нэр дэвшигчид сургалтыг талархан хүлээн авсаны зэрэгцээ итгэл, сэтгэл, урам, зоригийг нэмсэн цаг үеэ мэдэрсэн сургалт болсоныг онцолж байв.
Нэр дэвшигчдэд зориулсан гарын авлагыг тусгайлан бэлтгэж алслагдсан аймаг орон нутагт хүртэл хүрч ажиллан цаг, зав, сэтгэл, зүтгэлээ гаргасан сургалтын багийнхны ажилд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид сэтгэл дүүрэн үлдлээ.
Сургалтыг аймаг орон нутаг, нийслэл дүүрэгт зохион байгуулагдаж байх үеэр Ардчилсан намын Улс төрийн бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга, МоАН Фракцын тэргүүн Г.Батхүү Хан-Уул дүүргийн намын байранд зохион байгуулагдсан нэр дэвшигчдэд зориулсан сургалтад өөрийн биеэр очиж Ардчилсан намын гишүүдээ дэмжин сургалт, уулзалтад оролцсон юм.
Уулзалтын эхэнд МоАН Санаачилгын сургагч багш PR зөвлөмжийг нэр дэвшигчдэд хүргэсэн бол хуульч Б.Болдбаатар сонгуулийн хуультай холбоотой тодруулга асуултад хариулт өгсөн юм.
Уулзалтын үеэр МоАН Франкцын тэргүүн Г.Батхүү сургалтыг зорин ирсэн Хан-Уул дүүргийн нийт Ардчилсан намын нэр дэвшигчдтэй нээлттэй ярилцлагыг өрнүүлсэн. Энэ үеэр тэрээр: “Иргэдийнхээ асуудлыг халууны шил шиг мэдрэх хэрэгтэйг онцлоод хорооны иргэдийн санал хүсэлтийг сайтар сонсож төвлөгөөндөө тусгах нь ажлын 50 хувь болно шүү” гэдгийг нэр дэвшигчдэд хандан хэлж байлаа.
Хан-Уул дүүргийн хувьд 2008 оноос хойш Ардчилсан намын төлөөлөгчдийг УИХ, нийслэл, дүүрэг, хорооны түвшинд баг болгон сонгож тэр хэрээрээ дүүргийн бүтээн байгуулалтад хувьсал өөрчлөлтийг авчирч чадсан цөөхөн цэнхэр дүүргүүдийн нэг гэж үздэг. Тиймдээ ч дүүргийнхээ иргэдийн нүд, чих болж хороо дүүргээ хөгжүүлэх гүүр нь болдог сум, хорооны төлөөлөгчдийг сонгох сонгуульд хариуцлагатай оролцож амжуулж хийсэн ажлаа ахиулахыг нийт нэр дэвшигчддээ хүссэнээр сургалт, уулзалт өндөрлөсөн юм.