Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор Үндэсний хоёрдугаар форум аравдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд чуулах гэж байна.
Монголын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо /МХЗХҮХ/ санаачлан, Санхүүгийн зохицуулах хороо болон Нийслэлийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй тус форумд Азийн Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, БНСУ-ын Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Канад Улсын хоршоодын төлөөлөл, Монголын хоршооллын нэгдсэн холбоо зэрэг гадаад, дотоодын олон байгууллагын төлөөлөгчид оролцоно.
Тус чуулганы үндсэн хуралдаанаар Хадгаламж зээлийн хоршооны хөгжлийн бодлогын асуудлыг, салбар хуралдаануудаархамтын ажиллагаа, туршлага, үйл ажиллагааны онцлог зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Манай улсад өдгөө 278 хадгаламж, зээлийн хоршоо 40 гаруй мянган гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ онд анх удаа Хадгаламж зээлийн хоршоодын нийт активийн хэмжээ 100 тэрбум төгрөгөөс даваад байна.
ЭХ СУРВАЛЖ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО