Залуу эрдэмтэд шилдгүүдээ шалгаруулна 

Хуучирсан мэдээ: 2016.10.15-нд нийтлэгдсэн

Залуу эрдэмтэд шилдгүүдээ шалгаруулна 

“Хүрэлтогоот” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын санд боллоо.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг БСШУС-ын яам, Шинжлэх ухааны академи, ШУТИС, Шинжлэх ухаан технологийн сан, Монголын залуу эрдэмтдийн холбоотой хамтран зохион байгуулжээ.

Уг эрдэм шинжилгээний хурлын үндсэн зорилго нь салбарын залуу судлаач нарт судалгааны үр дүн, бүтээлээ танилцуулах боломж олгох улмаар дэмжлэг хүртэх, шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийг чадавхжуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, түүнчлэн тэдний бүтээлийг төр, хувийн хэвшил болон олон нийтэд сурталчлан таниулахад оршдог байна.  

Энэ удаагийн хуралд Энэтхэг, Хятад, БНСУ, Итали улсад эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж буй залуу судлаачид илтгэлээ хэлэлцүүлсэн. Мөн дотоодын их дээд сургууль, судалгааны хүрээлэнгээс ирүүлсэн 40 гаруй бүтээлээс шалгаруулж шилдэг долоон илтгэлийг хэлэлцүүллээ.

2004 оноос хойш жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн тус хурал өнгөрсөн жилээс Англи хэл дээр явагдах болжээ. Салбар хуралдаанаас шалгарсан шилдэг хоёр илтгэгчийг БСШУС-ийн сайдын нэрэмжит 4 сая төгрөгийн грантаар шагнаж урамшуулах бөгөөд тус грантыг судалгаагаа хөгжүүлэх, туршилт хийх, үйлдвэрийн үр дүнгээ бататгах зэрэгт зарцуулдаг байна.

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын талаар ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн профессор Ц.Балжинням сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Улс орны хэмжээнд залуу судлаачдын үүрэг нэмэгдэж байгаа. “Хүрэл тогоот” 2004 оноос хойш 12 дахь удаагаа зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй залуу эрдэмтэн гранд хүртсэн байдаг. Дөрвөн залуу эрдэмтэн Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртэж байсан. Шинжлэх ухааны суурь судалгаан дээр авч явж байгаа гол, гол судалгааны сэдэв манай салбараас төрдөг юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг олон улсын хэмжээнд гурав дахь удаагаа зохион байгуулж байна. Мөн  олон улсын шаардлагад нийцэхүйц хэмжээний илтгэлүүд орж ирж байна” гэлээ.  

ШИЛДЭГ ДОЛООН ИЛТГЭГЧИД:

  • Б.Цолмонбаатар “Мөөгөнцөр ашиглан улаан замаг агааргүй орчинд исэлдүүлж гаргаж авсан дэгдэмхий хүчлүүдээс Био-Дизель түлш гаргаж авах”
  • Х.Цолмонбаатар “Байршлын яалгаатай бүсүүдээс гурван хэмжээст моделийг хамтран боловсруулах системийн хөгжүүлэлт”
  • Г.Доржханд “Нефтийн бохирдлыг цэвэрлэхэд бактери бүхий эмульсжүүлэгч ашиглах нь”
  • Ц.Тэнгис “Тэнцвэрийг алдагдуулах нөлөөг бууруулах төлөвийг гэдрэг холбооны удирдлагын судалгаа”
  • Ч.Ренчиндорж “Гурван фазын асинхрон хөдөлгүүрийн соронзон орны удирдлага”
  • Т.Булганмаа “New graphic password scheme containing guestions- background- pattern and implementation”
  • М.Золжаргал “Монгол хэлний нэрлэсэн нэгж таниур” илтгэлүүд тавигдлаа.

Эдгээрээс шилдэг хоёр илтгэлийг тодруулж, урамшуулах юм.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж