Олон улсын самбо бөхийн холбоо Оросоос үүсэлтэй самбогийн спортын төрлийг олимпийн албан ёсны хөтөлбөрт оруулах хүсэлтийг Олон улсын олимпийн хороонд энэ долоо хоногийн эхээр өргөн барьжээ.
Энэ тухай Бүх Оросын самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч Сергей Елисеев ОХУ-ын Биеийн тамир, спортын хөгжлийн зөвлөлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Самбо бөхийн төрөл нь Европ болон Ази тивийн наадам, оюутны “Универсиад”, Дэлхийн тулааны урлагийн наадам зэрэг олон улсын томоохон тэмцээнүүдийн хөтөлбөрт аль хэдийн орсон болохыг тэрбээр онцлоод, самбо бөхийг олимпийн төрөлд багтах боломжийн төлөө олон улсын холбоо хичээн ажиллаж байгааг хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч, Олон улсын самбо бөхийн холбооны Хүндэт ерөнхийлөгч В.Путин аравдугаар сарын 11-нд болсон Биеийн тамир, спортыг хөгжлийн зөвлөлийн хуралд мөн оролцож, үг хэлсэн бөгөөд тэрбээр самбо бөхийг олимпийн хөтөлбөрт багтаахын төлөө чадах бүхнээ хийхийг уриалаад, өөрөө ч дэмжиж тусална гэдгээ амлажээ.
Ерөнхийлөгч В.Путин “Магадгүй, бидэнд энэ зорилгод хүрэхийн тулд урт хугацаа шаардлагатай байж болох ч тэр болтол бүгд хичээж, Олон улсын олимпийн хороо, холбогдох нөхцөл шаардлагад нийцтэл ажиллах хэрэгтэй. Самбо бөхөө улам хөгжүүлэх нь чухал” хэмээжээ.
Б.ЭНХ