Нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол Улс манлайлна

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Нүүдлийн аялал жуулчлалын хөгжлийг Монгол Улс манлайлна

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын хурал  өнгөрсөн пүрэв, баасан гаригт амжилттай болж өндөрлөлөө. Дэлхийн 33 орны 350 гаруй зочид,  төлөөлөгч Торгоны зам дагуух улс орнуудын аялал жуулчлалын өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, тулгамдаж буй асуудал,богино хугацаанд хурдацтай хөгжүүлэх ямар гарц байгаа талаар илтгэл тавин хоёр өдрийн турш хэлэлцлээ. Уг хурлыг НҮБ-ын ДАЖБ, БОАЖЯ, Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан. 2030 он гэхэд Монгол Улсыг Дэлхийн нүүдлийн аялал жуулчлалын төв болгох зорилтдоо хүрэхийн тулд Засгийн газраас аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, жуулчид хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах таатай орчин бүрдүүлэх замаар аялал жуулчлалыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлэхээр Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэх зэрэг хэд хэдэн зорилт дэвшүүлээд ажил хэрэг болгож эхэлж байгаа ажээ.


  • УИХ-ын дарга М.Энхболдод ЗГХЭГ-ын дарга З.Мөнхбат албан бичиг хүргүүлжээ. Тэрбээр Ерөнхий сайд аравдугаар сарын 21-нд чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийхээр болсон тухай мэдэгдсэн байна. Уг албан бичигт “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын 2016 оны аравдугаар сарын 21-ний өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн өмчийн болон өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх болсныг уламжилж байна” гэжээ.


  • Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: “Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал манай улсын ойрын түнш Япон Улсаас эхэлж, Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд боллоо. Нэгдмэл үнэт зүйлтэй, нэг бүс нутаг бүхий бидний дотны түнш Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж итгэлцлийг бэхжүүлэн, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тогтлоо.


  • Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байхыг нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт, соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл, урлагийн газарт тус тус даалгасан байна.


  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Тайжийн нуруунд өчигдөр/2016.10.14/ -өөс түймэр гарчээ. Түймрийн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт 14.22 цагт ирж, Онцгой албаны 12 албан хаагч, мөн орон нутгийн 20 иргэн хамтран ажиллаж байгаа аж.


  • Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 11 дүгээр байрны 5 давхраас хүн үсэрч амиа хорлохыг завдсан хэрэг баасан гаригийн шөнө гарчээ. Хэргийн талаарх дуудлага баасан гаригийн шөнө  01:12 цагт Шуурхай удирдлагын төвд ирж, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /32 настай, эрэгтэй/-ийг өндрөөс буулгасан байна. Улмаар дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлжээ.


  • Сүүлийн саруудад ebarimt.mn-д бүртгүүлэх баримтын тоо буурсныг татварын мэдээллийн төвөөс хэлэв. Анх баримт бүртгүүлж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дунджаар 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байсан аж. Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгж, байгууллагууд сард 18-19 сая баримт хэвлэж, иргэд 6-7 сая баримт бүртгүүлж байна.


  • Сүүлийн нэг жилд манай улсын 60 иргэн БНХАУ-д зорчих хугацаандаа хулгайн гэмт хэрэгт холбогдон, 1-3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна. БНХАУ-д хулгайн гэмт хэрэг үйлдэж буй зарим иргэд өөрийн танил, найз нөхөд, садан төрлийн хүмүүсийг гэмт үйлдэлдээ хууран мэхлэх замаар татан оролцуулж, гэмт хэргийн золиос болгох тохиолдол гардаг байна. Түүнчлэн захиалга өгч бараа бүтээгдэхүүн хулгайлуулдаг этгээдүүд ч байдаг аж. Иймд БНХАУ-д зорчиж буй иргэд тус улсын хуулийг сахин мөрдөх, хулгайн гэмт хэрэгт мэхлэгдэн оролцохоос сэргийлэх, бусдаас эд зүйл авах дамжуулахдаа анхаарал, болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.


  • Гүрж улсын Батуми хотноо аравдугаар сарын 18-31-ний хооронд өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох билээ. Тус тэмцээний 8, 10, 12 насны ангилалд манай 18 шатарчин оролцох бөгөөд өнгөрөгч бямба гаригт Гүржийг зорилоо. Батумид болох өсвөрийн ДАШТ-д өрсөлдөх Монголын багийг их мастер Б.Хатанбаатар ахлах бол шүүгчээр Э.Номин-Эрдэнэ ажиллах юм. Энэ удаагийн багт өсвөрийн дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, сурагчдын дэлхийн аварга, Ази тивийн аварга Е.Төгстөмөр, сурагчдын дэлхийн аваргын мөнгөн медальт, Ази тивийн аварга Г.Амартүвшин нарын шилдэг 18 тамирчин багтсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж