Мэргэжлийн Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбат анхны гадаад айчлалаа Япон улсаас эхлүүлж, бямба гаригт /2016.10.15/ эх орондоо буулаа.
Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Японы ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж, “Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар тохирч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлаа уг хөтөлбөрт тусгахаар ярилцсан” талаар Засгийн газрын албан ёсны сайтад мэдээлсэн билээ. Айлчлалын үеэр болсон нэг арга хэмжээ бол Монголын “Энержи ресурс” компани Японы “Сүмитомо” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан явдал. Монголын төрийн өндөрлөгүүдийн айлчлал болгоноор олон, олон гэрээ, санамж бичиг үзэглэдэг. Тэр л жишгээр Монголын нүүрсийг Японд гаргах тухай л дахиад ярьж.
Шинэ Засгийн газрын тэргүүний хувьд эдийн засгаа сэргээх хүндхэн даалгавар Ж.Эрдэнэбатад оногдоод байгаа юм. Эдийн засаг нь гүн гүнзгий хямралд орж, мөнгөгүй, хөрөнгө оруулалтгүй болсон улсаа аврахын тулд шинэ засаг олон гарц хайж байна. ОУВС-гийнхантай яриа хэлэлцээр ч хийж байна. Мөн бусад улс орнуудаас зээл, тусламж эрэлхийлэх болсон. Тиймээс Ерөнхий сайд анхны гадаад айлчлалаа Японоос эхлүүлсэн нь тодорхой зорилготой байсан нь мэдээж.
Анхны айлчлалынхаа үеэр Ерөнхий сайд мөнгө гуйсангүй. Монгол-Японы хөрөнгө оруулагчдын форум дээр үг хэлж, Шинзо Абэтэй уулзаж, хэд хэдэн санамж бичиг байгуулаад иржээ. Гуравдагч зах зээлд, ялангуяа Японд ашигт малтмалаа гаргах нь далайд гарцгүй Монголын Ерөнхий сайд бүрийн айлчлал болгоноороо ярьдаг сэдэв, гол амбиц нь байлаа. Монголоос Японд айлчлаагүй Ерөнхий сайд бараг байхгүй гэвэл худлаа болохгүй байх. Тавантолгойн нүүрсийн боловсруулж, Японд гаргах, япончуудын тусламжтайгаар төмөр зам барих тухай яриа бол ерөөсөө Сү.Батболдын үеэс эхлээд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэгийн үед ч айлчлал болгоноор л хөндөгддөг сэдэв байсан билээ. Жилийн өмнө Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа хүртэл Японд айлчилж, “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хамтарч хэрэгжүүлж, цахилгаан станц, төмөр зам, хурдны зам, метро барьж, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах тухай сайхан яриа хөөрөө хийгээд ирлээ гэсэн нь юу болов. Ядаж байхад Ардчилсан намынхан дотроо хэрэлдээд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэсэн Японы хөрөнгө оруулагчийг “хөөчихсөн” суугаа. Өнгөрсөн зургадугаар сард З.Энхболд УИХ-ын даргын хувиар Японд айлчилж ирэнгүүтээ Буянт-Ухаагаас “Хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарлаа, дараагийн таван жилийн дунд хугацааны төлөвлөлтийг хийгээд ирлээ” гэж мэдэгдсэнээс хойш хэд нь яг ажил болж бүтсэн юм бэ?
Монгол залуусыг Япон руу дадлагажигчаар явуулна, Зүүн төмөр зам, Чойрт барих нүүрс, химийн цогцолборт ажиллах ажилчдыг бэлтгэнэ, нүүрсээ өндөр технологиор боловсруулж, экспортолно гэж япончуудтай ярьсан З.Энхболд даргын олон яриа, хэлэлцээрээс хэд нь биелэлээ олсон билээ. Чухамдаа энэхүү айлчлалаас хойш дөрвөн сар гаруйн хугацаанд Монголоос Япон руу дадлагажигчаар гарсан нэг ч хүн байхгүй байна.
Гуравдагч зах зээлд ашигт малтмалаа гаргах нь далайд гарцгүй Монголын Ерөнхий сайд бүрийн Японд хийдэг айлчлал болгонд ярьдаг сэдэв, гол амбиц нь байсан. Монголоос Японд айлчлаагүй Ерөнхий сайд бараг байхгүй байх. Гэвч, айлчлалаараа тохирсноо ажил хэрэг болгосон нь цөөхөн гэж хэлж болно.
Тиймээс манай дарга нар очоод сайхан, сайхан гэрээ хэлэлцээ, санамж бичиг байгуулахад амархан байдаг биз. Харин тэдгээр гэрээ хэлэлцээрээс нь хэдийг нь бид ажил хэрэг болгосон бэ гэвэл чамлалттай тоо гарах биз.
Ж.Эрдэнэбатын айлчлалын үр дүнд төмөр замаа барьж, Тавантолгой хөдөлж магадгүй гэсэн найдлага төрж байна. Тэр тусмаа парламентад үнэмлэхүй олонх намын Ерөнхий сайдын хувьд түүнд айлчлалаараа тохирсон бүхнээ ажил хэрэг болгох том боломж бүрэн байгаа юм даа.
Энэ удаад ч гэсэн шинэ Ерөнхий сайдын айлчлалын мэдээг харахад бас л иймэрхүү яриа хөөрөө хийгээд ирсэн бололтой. Байнгын ярьдаг жижүүрийн сэдвээ хөндөж, стратегийн харилцаагаа шинэ төвшинд гаргана, шат ахиулсан хэлэлцээр хийлээ гэсэн мэдээтэй байна. Яасан ч ахиж өгдөггүй шат, ямар ч хамтарч өгдөггүй шинэ харилцаа вэ? Япончууд биднийг яг ийм өнцөгөөр харж, дүгнэж байгаа болов уу?
Ямар сайндаа л зарим улсууд манай дарга нарыг очихоор өмнөөс нь “Та нар ярьж тохирсноо ажил хэрэг болгооч” гэсэн шаардлага тавьдаг гэсэн. Тэгэхээр өнөөдрийн хувьд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд Японд юу яриад ирсэн нь сонин биш, ярьж тохирсноо яаж хэрэгжүүлэх нь Монгол-Японы хувьд чухал асуудал болоод байгаа билээ.
Мэргэжлийн Засгийн газрын Ерөнхий сайдад нэг том давуу тал бий. Тэр нь юу гэвэл МАН парламентад 65 кноптой. Тиймээс ч МАН-ын үед Тавантолгой хөдөлж магадгүй гэсэн хүлээлт бий болсон нь худлаа биш. Мэргэжлийн Засгийн газар ирэх онд Тавантолгой, Гацуурт зэрэг томоохон төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулахаа ам өчиг болгоод байгаа. Дээр нь Ерөнхий сайдын Японд хийсэн айчлалын үеэр шингэрүүлсэн нүүрс экспортлох санамж бичгийг зурсан “Энержи ресурс”, “Сүмитомо” нь Шийдлийн Засгийн үед зарласан Тавантолгойн тендерт ялагчаар шалгарч байсан. Тэгэхээр эндээс харахад Ж.Эрдэнэбатын айлчлалын үр дүнд төмөр замаа барьж, Тавантолгой хөдөлж магадгүй гэсэн найдлага төрж байна. Тэр тусмаа парламентад үнэмлэхүй олонх намын Ерөнхий сайдын хувьд түүнд айлчлалаараа тохирсон бүхнээ ажил хэрэг болгох том боломж бүрэн бий. Хэрэв МАН үнэхээр л том төслүүдээ хөдөлгөх сонирхолтой байгаа бол шүү дээ.