Тайландын гашуудал жуулчдыг үргээж магадгүй

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Тайландын гашуудал жуулчдыг үргээж магадгүй

Wason Wanichakorn/AP

Нисэхийн компани, жуулчлалын агентлаг, Азийн аяллын операторууд хүлээлтэд орлоо. Тайландын ван таалал төгссөн нь тус улсын хувьд эмгэнэлт үйл явдал болж байна. Гэтэл энэ гашуудал аялал жуулчлалын бизнест цохилт болох уу гэсэн асуултыг бусад орнууд хөндөж эхэллээ.

Тайландын Засгийн газар иргэддээ хандан 30 хоногийн хугацаанд зугаа цэнгээнээс  татгалзахыг уриалж, төрийн албан хаагчдад жилийн турш гашуудлын хар хувцастай ажиллахыг үүрэгдэв.

Хаан Пхумипон Адульядетын таалал төгссөн нь тай хүн бүрийн эмгэнэн гашуудах үйл явдал мөн үү гэвэл мөн. Тэд Пхумипон хааны засаг барьсан хугацааг хамгийн аз жаргалтай үе гэж үнэн сэтгэлээсээ үздэг. Тиймээс Тайландад ойрын хугацаанд инээмсэглэж, баяр хөөрөө илэрхийлэх хүнийг олж харахгүй нь мэдээжийн хэрэг болж байна. Жуулчид үүнд бэлэн байх ёстой бололтой.

Японы “Japan Airlines” болон Өмнөд Солонгосын  “Hana Tour Service” аялал жуулчлалын компаниуд өөрийн орны жуулчдыг гашуудал зарласан хугацаанд Тайландад очих сонирхол нь буурна гэж үзэж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.

“Богино хугацаанд жуулчдын урсгал буурч магадгүй юм. Болсон үйл явдал үүнд нөлөөлөх нь мэдээж” гэж Хонгконг дахь “Jefferies” группын тэргүүн Шон Дарби хэлснийг “Bloomberg TV”-ийн мэдээнд иш татжээ. Гэхдээ тэр “Сүртэй өөрчлөлт гарахгүй. Жуулчлалын эрэлт богино хугацаанд удаашрахыг Тайландын Засгийн газар зохицуулах нь ойлгомжтой” гэж ярьсан байна.  

Пукет арал. Наранд шарлагын газар, Патонг.

Хааны гэр бүлд хүндэтгэлгүй хандах нь Тайландад хатуу шийтгэлтэй. Ийм үйлдэл гаргавал 15 жил хүртэлх хугацаанд хоригдох ялтай байдаг ажээ. Ер нь бол жуулчдад хэрхэн биеэ зөв авч явах тал дээр анхаарал тавьдаг бөгөөд олон орнууд амрагч нартаа зориулсан зөвлөмжийг ч гаргаж байжээ. Тухайлбал, тэдний гашуудлыг хуваалцаж буйгаа харуулахын тулд олон нийтийн газар архи дарс уухгүй, чимээ шуугиан гаргахгүй байх нь чухал. Нөхцөл байдалтай холбоотойгоор Тайландад байгаа гадаадын Элчин сайдын яамд тэнд амарч байгаа иргэддээ зохих санамжийг гаргаад эхэлсэн байна. Эдгээр санамжид орон нутгийн засаг захиргааны захирамжид анхааралтай хандахыг зөвлөжээ. Баар, цэнгээний газруудыг хаах тухай албан ёсны шийдвэр гараагүй ч эзэд нь үүнийг өөрсдөө зохицуулан, ажиллахгүй байж болох гэнэ.

Харин зарим урлаг, спортын олон нийтийн зарим арга хэмжээнүүдийг цуцалж, хойшлуулсан байгаа. Жишээлбэл, Бангкокт болох байсан “Morrissey” тоглолтын хугацаа нь хойшилсон болТайландын хоёр дахь том хот Чиангмайд болох “Хотын хөгжим” гэх наадмыг түр түдгэлзүүлжээ. Мөн арваннэгдүгээр сарын нэгний шөнө дунд тэмдэглэдэг “Лойкратхонг” баярыг цуцалжээ. Гэхдээ үүнээс шалтгаалж Чиангмайд очиж хэрэггүй гэсэн үг биш. Энэ хотод 300 орчим үзэсгэлэн, олон янзын сүм хийд гээд жуулчид үзэж сонирхох зүйл олон бий.

Vincent Thian/AP, Чиангмай дахь шөнийн дэнлүүний баяр.

Дэлхийн өвлийн аялал жуулчлалын гол чиглэлийн нэг бол Тайланд улс. Зөвхөн  Хятадын жуулчид гэхэд тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувийг бүрдүүлж өгдөг байна. Өнгөрсөн онд Тайландад Хятадын найман сая орчим жуулчин очжээ. Энэ үзүүлэлт нь 2014 оныхоос 70 хувиар нэмэгдсэн үр дүн аж. “Reuters” агентлагийн мэдээлснээр, 2016 онд Тайландыг 33 сая жуулчин зорьж аялах тооцоо бий аж. Гэтэл одоо бодит байдал дээр энэ тоо хэрхэн өөрчлөгдөхийг хэлэх боломжгүй болжээ.  

Оросын жуулчдын хувьд Египет хаалттай болсноор өвөл аялах гол чиглэл нь Тайланд болсон байдаг. Өнгөрсөн онд гэхэд Тайландад Оросын нэг сая орчим жуулчин амарчээ. Одоо Тайландад уг нь борооны улирал шувтарч, амралтын хамгийн идэвхтэй үе эхэлж байгаа. Оросуудаас Тайландад шинэ жилийн угтах захиалгаа нилээд ирсэн гэх мэдээлэл бий бөгөөд одоогоор захиалгаа цуцалсан тухай ямар нэгэн өөрчлөлт байхгүй байгаа ажээ.  

Тайландын ван Пхумипон Адульядет өнгөрсөн пүрэв гаригт /2016.10.13/ 88 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр 18 насандаа вангийн суудалд заларснаас хойш 70 жил эх орноо удирдаж, ард түмэндээ бурхан мэт хүндлэгдэх болсон нэгэн аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж