Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнээс Нийгмийн даатгалын хөрөнгийн асуудлаар дараах зүйлсийг тодрууллаа.
-Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг ашигтай байлгахын тулд ямар байдлаар хадгалдаг байсан бэ? Энэ салбарыг хамаарах сайд байсны хувьд танд энэ асуултыг тавьж байгаа юм.
–2012 онд намайг сайдаар ирэхэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө хяналтгүй, нилээн задгай байсан. Өөрөөр хэлбэл, харилцах үлдэгдэл хэлбэрээр 21 аймаг, есөн дүүрэгт хяналт, тогтолцоогүй байлаа. Тухайн үед 240 орчим тэрбум төгрөгийн чөлөөт үлдэгдэлтэй, 150 орчим тэрбум төгрөгийн хадгаламжтай байсныг мэдэж байна. Намайг ажил авахаас өмнөх дөрвөн жилийн хугацаанд хадгаламжийн хүүгийн орлогоор 38 тэрбум, харилцахын хүүгээр 6,7 тэрбум, нийлээд 40 гаруй тэрбум төгрөгийн ашиг олсон байдаг. Ингээд Нийгмийн даатгалын ерөнхий газрын шинэ удирдлагуудтай хамтраад, нийгмийн даатгалын мөнгөн үлдэгдлийг нэгтгэх, тооцоо судалгаа хийх, хяналтыг сайжруулах, гэрээ хэлэлцээргүй задгай үлдэгдлээр хийж байгаа харилцах үлдэгдлийг татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулсан. Үүний үр дүнд 980 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Энэ мөнгөнөөс 460 орчим тэрбум төгрөгийг арилжааны банкинд хадгалуулсан. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд зөвхөн хүүгийн орлогоор 200 тэрбум төгрөг, харилцах үлдэгдлийн орлогоор 30 гаруй тэрбум төгрөг, нийтдээ 230 гаруй тэрбум төгрөгийн хүү болон харилцах үлдэгдлийн орлогоор ашиг олсон. Энэ нь улс даяар ахмад насны тэтгэвэр тавих хоёр сарын хөрөнгө. Тэтгэвэр тавихад сард дунджаар 110-115 тэрбум төгрөг зарцуулдаг юм. Тэгэхээр энэ бол их орлого. Мөн тэр үед Тэтгэврийн сан, Тэтгэмжийн сан гэсэн хоёр сан үлдэгдэлгүй байсан. Харин Үйлдвэрлэлийн ослын сан, Ажилгүйдлийн тэтгэмжийн сан, Эрүүл мэндийн сан гэсэн гурван сан чөлөөт мөнгөний үлдэгдэлтэй явдаг.
-Та Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын албыг хүлээлгэж өгөхдөө нийгмийн даатгалын санг яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй өгсөн бэ?
-Үндсэндээ нийт чөлөөт үлдэгдлийн мөнгөн дүн бол 900 гаруй тэрбум төгрөг байдаг. Үүн дээр арилжааны банкинд хадгалуулсан 960 гаруй тэрбум төгрөг бий. Өнгөрсөн дөрвөн жил нийтдээ 230 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг олсон үзүүлэлттэй хүлээлгэж өгсөн.
-Энэ мөнгө одоо аль, аль банк хадгалагдаж байгаа вэ?
-Олон банкинд байдаг. Банкны өөрийн үлдэгдэл, чадавхи, Монголбанкнаас өгч байгаа үнэлгээ зэргийг үндэслээд хадгалуулдаг. Тухайлбал, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, Капитал, Капитрон, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХААН банк, Чингис хаан банк гэх мэт долоон банкинд хадгалуулдаг.
С.ЭРДЭНЭ: НИЙГМИЙН ДААТГАЛЫН МӨНГӨ ДОЛООН БАНКИНД ХАДГАЛАГДАЖ БАЙГАА
-Нийгмийн даатгалын мөнгө хадгалж байгаа арилжааны банкыг дампууруулах оролдлого явж байна. Энэ мөнгө хэн нэгний халаасанд орох нь гэдэг яриа, ойлголт нийгэмд үүссэн байна. Танд энэ талаар сонссон зүйл байна уу? Ийм зүйл гарч болох уу?
-Хэрэв ийм үйлдэл хийх гэж байгаа бол улс орны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулсан алхам болно. Хэвийн явж байгаа эдийн засгийг улам бүр алдагдуулж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний ийм үйлдэл хийх юм бол маш аюултай. Яагаад ч ашигтай байдал авчрахгүй. Би Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарт хийгдэж байгаа ажлуудад байнга анхаарал тавьж байгаа. Өөрөө энэ чиглэлээр ажиллах байсан хүний хувьд анхаарал хандуулах ч ёстой.