Шинэ начин Б.Ганхуяг цолныхоо хүндэтгэлд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.10.16-нд нийтлэгдсэн

Шинэ начин Б.Ганхуяг цолныхоо хүндэтгэлд түрүүлэв

Өчигдөр/2016.10.15/ Монгол бөхийн өргөөнд Монгол улсын НОСААС үүсэн байгуулагдсаны түүхт 85 жилийн ойд зориулсан, Монгол улсын начин цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан боллоо. Уг барилдаанд Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, "Хилчин" спорт хорооны бөх, Монгол улсын шинэ начин Бадамсамбуугийн Ганхуяг 8 даван түрүүллээ. Хэдхэн хоногийн өмнө болсон Баянзүрх хишиг барилдааны түрүү Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Алдар спорт хороо, Даян дэвжээний бөх Б.Гончигдамба гарьд үзүүрлэв. Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, Алдар спорт хороо, Бөхбилэгт дэвжээний бөх, аралтай начин Амарзаяа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Алдар спорт хороо Ажнай дэвжээний бөх, улсын начин Ц.Одбаяр нар шалгарлаа.

Барилдаан сонирхолтой, үзүүштэй, уран хурц барилдаанаар дүүрэн байв. Тухайлбал хоёрын даваа эхлэнгүүт Пүрэвсайхан заан, Бат-Өлзий харцага хоёр учраа бөхчүүдээ бараг толгой дээрээ гаргаж ирэн өргөж цацаад л шидчихсэн. Хурц арслан Мөнгөнбаатар а.х Цэдэнсодномыг мушгиж тонгороод, а.х.а Эрдэнэхүү а.х Бумбаярыг дүүгүүрдээд, Увсын Балдорж у.н Батчулууныг зайлж мушгиад,  а.а О.Хангайг Архангай аймгийн шинэ заан Л.Жамбал халз хутгаад давсан зэрэг барилдаанууд үзэгчдийг шуугиулсан бол гурвын давааны хамгийн сонирхолтой барилдаан а.а Ш.Пүрэвгарьд Даваа-очир нарын дунд болов. Энэ жил улсын наадмын гурвын даваанд нугарч барилдаад Даваа-Очир нь давсан бол энэ удаа Пүрэвгарьд арслан даагаа амжилттай нэхэв. Гэхдээ их сайхан барилдааныг тэд үзүүлсэн. Ээлжлээд л бие биенээ мордоод, хөмрөөд, орооцолдоод л…

Дөрвийн даваанд Пүрэвсайхан заан а.а Т.Ядамсүрэнгийн хөлд мөн ч гоё орох юм. Тап … гэж шүүрээд л дэрлэчихсэн.  Баасанхүү харцага а.а Пүрэвгарьд хоёр бужигнуулсаар, Пүрэвгарьд сугадсан барьцтай түрээд хөөхөд нь Баасанхүү зогтусангуутаа л ганцхан сөрөөд тахимдчихсан. Бараг л хараа гүйцэмгүй хурдтайгаар…

Амарзаяа начин дөрвийн даваанд шинэ начин Чимэдванданг даацтай ачаад, харцага Одгэрэлийг арлаараа ааглаж мордоод, Пүрэвсайхан зааныг шуудагнаас шахаад татахад нь дагаж мордоод давсан бол их шөвөгт түрүү бөх Ганхуягийг мөн шуудганаас түрж хөөн холоос мордох гээд дагаад суначихсан юм.

Харин Одбаяр начин тав дээр а.а Тайванг сэнжигнээс бас л маягтай гоё тахимдаж хаяна лээ. Тайван арслан гурвын даваанд Сайханжаргал арсланг тойруулж татангуутаа дотуур этээд мөн ч ганган хаясан даа, бас…

Хүрэлцэн ирсэн начин цолтнуудад нутаг ус, найз нөхөд, ах дүү хамаасан садан гээд олон хүмүүс хүндэтгэл үзүүлж байлаа. Хамгийн ахмад начин өдгөө 85 нас сүүдэр зооглоод буй Говь-Алтайн уран цагаан хэмээх З.Чинбат начин тэргүүтэй ахмад үеийнхэн өргөөний хойморт тухлан, залуусынхаа барилдааныг шимтэн үзэж, олон сайхныг дурсан байцгаав.

2007 онд анх зохион байгуулагдсан Начин цолны хүндэтгэлийн барилдаанд өдгөөгийн аварга Г.Эрхэмбаяр начин цолтой түрүүлж байжээ.

Маргааш Булган аймгийн Хангал сумын харьяат, улсын заан С.Гүржавын нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн ээлжит барилдаан 14 цагаас болно.

Тавын даваа

1.       Б.Гончигдамба у.г–И.Ёндонсамбуу у.ө.и.н

2.       Б.Пүрэвсайхан у.з–Б.Сангисүрэн у.н

3.       А.Цацабшир у.х –Х.Гантулга у.х

4.       Т.Баасанхүү у.х –Бо.Батжаргал у.н

5.       Б.Одгэрэл у.х –Б.Амарзаяа у.н

6.       Б.Бат-Өлзий у.х –Б.Ганхуяг у.н

7.       Ц.Одбаяр у.н–Б.Тайван а.а

Зургаагийн даваа

1.       Б.Гончигдамба у.г–гоц мөргөсөн

2.       Б.Пүрэвсайхан у.з –Б.Амарзаяа у.н

3.       А.Цацабшир у.х –Б.Ганхуяг у.н

4.       Ц.Одбаяр у.н–Бо.Батжаргал у.н

Долоогийн даваа

1.       Б.Гончигдамба у.г–Ц.Одбаяр у.н

2.       Б.Амарзаяа у.н –Б.Ганхуяг у.н

Наймын даваа

1.Б.Гончигдамба у.г –Б.Ганхуяг у.н

      /үзүүрлэсэн/            /түрүүлсэн/

Дүизийг Ё.Амарбаясгалан

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж