Тайландын ван Пхумипон Адульядет таалал төгссөнөөр 30 хоногийн гашуудал зарласан байгаа юм. Гашуудлын хугацаанд иргэд хар өнгийн хувцас өмсөх ёстой. Гэтэл Тайландад хар өнгийн хувцасны хомсдол үүсч, үнэ нь тэнгэрт хадсан байна. Улмаар Тайландын худалдааны сайд бэлэн хувцас үйлдвэрлэгчдийг хар өнгийн хувцас үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг шаардсан бөгөөд хомсдлыг далимдуулан үнийг нь өсгөсөн худалдаачдыг торгох эсвэл хорих ялаар шийтгэхийг анхааруулжээ. Түүнчлэн Засгийн газраас хар өнгийн хувцасыг өндөр үнээр борлуулж буй худалдаачдыг илрүүлэх тусгай баг томилсон байна. Тайландын ван таалал төгссөнөөс хойш хар өнгийн хувцасны үнэ хоёр дахин нэмэгджээ. Иргэдийн дунд хар өнгийн цамц эрэлт ихтэй байгаа бөгөөд өглөө үйлдвэрээс гарсан 200 цамц үд гэхэд л дуусч байгаа гэнэ.
Тайландын ван Пхумипон Адульядет өнгөрсөн пүрэв гаригт 88 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр 18 насандаа вангийн суудалд заларснаас хойш 70 жил эх орноо удирдаж, ард түмэндээ бурхан мэт хүндлэгдэх болсон нэгэн аж.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Б.АНХТУЯА