“Монгол HD” телевизийн бүтээл “Авьяаслаг монголчууд” шоуны өнгөрсөн ням гаригийн дугаараар дөрөв дэх “Алтан баззер”-ын эзэн тодорлоо. Энэ удаа тус шоуны хөтлөгч Э.Ууганбаяр, Г.Анхбаяр нар авьяаслаг залуус О.Батнасан, Г.Атарбат нарыг дэмжиж, шууд шилдэг 32-т өрсөлдөх эрхийг бэлэглэв.
Ийнхүү хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Авьяаслаг монголчууд” шоуны дөрвөн дугаар дарааллан “Алтан баззер”-ын эзэд тодорлоо.
Орхон аймгаас 0418 дугаартай оролцсон хоёр найз хоёр жил хамтран хөгжим тоглож байгаа ажээ. Тэд морин хуурын аялгууг гитар хөгжимтэй хослуулан эгшиглүүлсэн юм. Ингээд тэдний үзүүлбэрийг сонирхсон шүүгчид хоёр тэнцсэн, хоёр тэнцээгүй гэсэн хариуг сонсох үед хоёр хөтлөгч тайзнаа гарч ирж, “Алтан баззер”-аа дарлаа.
“Авьяаслаг монголчууд” шоуны анхны алтан баззерын эзнээр 087 дугаартай, “Шонхор” захад ачигчаар ажилладаг залуу Э.Энх-Эрдэнэ шалгарч булган сүүлтэй байлаа. Түүний дараагаар “Алтан баззер”-ын эзнээр шилээр хооллогч залуу Ц.Мөнхсайхан, малчин бүсгүй Б.Тунгалагтамир, хамгийн сүүлд морин хуур, гитар хөгжмийн хоршил хөгжимчид О.Батнасан, Г.Атарбат нар дарааллан тодорлоо.
Ингээд “Авьяаслаг монголчууд” шоуны шүүгч Ц.Чулуунбатын “Алтан баззер”-ын эзэн хэн байх нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.
А.СҮРЭН