Г.Шийлэгдамбын хэрэгт Н.Энхбаярыг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Г.Шийлэгдамбын хэрэгт Н.Энхбаярыг шалгаж эхэлжээ

Авлигатай тэмцэх газар /АТГ/ прокурорын байгууллагаас гаргасан саналын дагуу МАХН-ын генсек, Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамбын авлигын хэрэгт тус намын дарга Н.Энхбаярыг сарын өмнөөс холбогдуулан шалгаж эхэлжээ. АТГ-ын мөрдөн байцаагчид Г.Шийлэгдамбыг ажлын байрандаа 500 сая төгрөгийн авлига авсан үндэслэлээр өнгөрсөн жил /2015.11.04/ баривчилж, хорих 461 дүгээр ангид хоёр сар гаруй хугацаанд цагдан хорьсон байдаг. Тухайн үед Г.Шийлэгдамба бусдаас авсан 500 сая төгрөгөө намын дарга Н.Энхбаярт өгөх гэж байсан гэдгээ олон нийтэд зарласан билээ. Тэгвэл энэ хэргийн мөрдөн байцаалтын одоог хүртэл дуусаагүй үргэлжилж, Н.Энхбаярт эрүүгийн хуулийн зүйл анги нэмэх үндэслэл болсон байна. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба нар 500 сая төгрөгийн авлигын хэрэгт хоёулаа хариуцлага хүлээх ёстой гэж хуулийнхан үзэж, ийнхүү хэргийг нь нэгтгэжээ.

Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаяр нарт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууслаа хэмээн өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан юм. Ингэхдээ Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн билээ. Тэгвэл нийслэлийн Прокурорын газраас АТГ-ын дээрх яллах дүгнэлтийг хянан үзээд, Г.Шийлэгдамбын авсан 500 сая төгрөгийн авлигын хэрэгт Н.Энхбаярыг холбогдуулан шалгах ёстой гэж үзэн хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ. Одоогоор АТГ Н.Энхбаяр, Г.Шийлэгдамба нарыг гадуур байцаан шалгаж буйг эх сурвалж мэдээллээ.

Н.ЭНХБАЯРЫГ БУРУУТГАН ШАЛГАЖ БУЙ ЗҮЙЛ АНГИУД…

133 дугаар зүйл: Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

148 дугаар зүйл: Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах

148.4. Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

268 дугаар зүйл: Хээл хахууль авах

268.2.Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд , түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Г.ШИЙЛЭГДАМБА НАРЫН ХАХУУЛЫН ХЭРЭГ МӨРДӨН БАЙЦААЛТАД БАЙНА

Г.Шийлэгдамба нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дугаар зүйл заалтаар буюу хээл, хахуулийн хэрэгт буруутгаж буй. …"Энэ хэргийг хясан боогдуулах замаар, эсхүл давтан буюу урьд хээл хахуулийн хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хээл хахууль авсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. Өөр нэг буруутгаж буй зүйл анги нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269.1. “..Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж авлига өгсөн” гэх хэрэг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж