Эмнэлгийн яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.10.17-нд нийтлэгдсэн

Эмнэлгийн яаралтай тусламжийг нисдэг тэргээр үзүүлнэ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн амбулатори цахим боллоо. Ингэж амбулатори цахимжсанаар иргэд  заавал өөрийн биеэр тус эмнэлэгт очиж, оношлуулах шаардлагагүй болж буй юм.

Үйлчлүүлэгчид орон нутгийн болон дүүргийн ЭМТ-өөс, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн мэргэжлийн профессор эмч нартай холбогдон цаг авч, онлайнаар зөвлөгөө авах, тухайн дүүрэг, бүсийн оношилгооны төвүүдэд хийлгэсэн МRI, шинжилгээний хариугаа онлайнаар холбогдсон эмч нартаа үзүүлж, оношоо тодорхойлуулдаг болох юм. Эргээд Улсын нэгдүгээр төв эмнэлэг  цаг авсан иргэдийнхээ шинжилгээний хариу, шаардлагатай мэдээллийг товлосон цагаас өмнө бэлтгэж, зөвлөгөө өгөх эмчид хүргэсэн байна. Гэхдээ энэхүү цахим үзлэг, оношилгоо, зөвлөгөөнд иргэд ямар ч төлбөр төлөхгүй, Эрүүл мэндийн даатгалын шугамаар үйлчлүүлнэ.

Цаг хугацаа хэмнэсэн цахим амбулаторийн нэвтрүүлж буй энэхүү үзлэгийн танхимыг иргэдэд шуурхай эрүүл мэндийн үйлчилгээ хүргэх зорилготой Засгийн газрын “Шилэн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Бээжин хот дахь “Хэн Хэ” эмнэлгийн буцалтгүй тусламжаар байгуулжээ.

Үүнээс гадна ирэх оноос эхлэн сум, аймаг гээд нийслэлээс алслагдсан бүс нутагт өвдсөн, яаралтай эмнэлгийн тусламж авах шаардлагатай иргэдийг нисдэг тэргээр зөөвөрлөдөг эсвэл тухайн эмнэлгийн багийг нисдэг тэргээр тээвэрлэдэг болно гэдгийг салбарын сайд нь онцоллоо.

Цаашид үйлчлүүлэгсэд заавал хөрөнгө зарж, хилийн дээс алхан, гадны эмнэлгүүдийг зорьж, оношлуулах шаардлагагүй болж байна. Шаардлагатай тохиолдолд БНХАУ-ын мэргэшсэн эмч нарыг УНТЭ-т урьж ажиллуулах боломж нээгдэж байгааг эрүүл мэндийн салбарынхан онцолсон юм. Тиймээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн мэргэжлийн эмч нартай зөвлөлдөхийг та урьтал болгоорой.

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж