Руанда улсын сүүлчийн хаан V Кигели 80 насандаа АНУ-д таалал төгслөө. Тэрбээр 1959 онд Руанда улсын хаан ширээг залгамжилсан боловч 1961 онд цэргийн эргэлтээр суудлаасаа бууж АНУ-руу дүрвэн амьдарч байжээ. АНУ-д амьдрах хугацаандаа тэрбээр Руандагаас ирсэн дүрвэгч, өнчин хүүхдүүдэд туслах буяны ажил хийдэг байсан аж. Сүүлчийн хаан насан эцэслэх хүртлээ эх орондоо буцан очих найдлага тавьж байсныг ойрын эх сурвалжууд мэдээлжээ. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сард Ногоон намынхан V Кигелиг эх оронд нь буцаан аваачих саналыг АНУ-ын засгийн газарт тавьж байсан аж.
V Кигели нь туци үндэсний сүүлчийн хаан болсон бөгөөд хутучуудын цэргийн эргэлтээр суудлаасаа буужээ. Руанда нь 1961 онд бүгд найрамдах улсыг тунхаглаж, хуту үндэстний Доминиз Мбонюмутваг ерөнхийлөгч болсон байна.
Руандад үндэстэн хоорондын зөрчил 30 жил үргэлжилж, 1994 онд хомроглон устгах ажиллагаа явагдсанаас 800 мянга орчим хүн амь үрэгдсэн юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС