ЗХЖШ-ын дарга Д.Даваа олон улсын форумд илтгэл тавилаа

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

ЗХЖШ-ын дарга Д.Даваа олон улсын форумд илтгэл тавилаа

БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн Олон улсын Стратеги Судалгааны хүрээлэн, Цэргийн шинжлэх ухааны Ассосиац хамтран 7 дахь удаагийн Сяньшан Форумыг Бээжин хотноо 2016 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Форумд Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр нар амжилттай оролцов.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд генерал Чань Ванцюань, Ардын Чөлөөлөх Армийн Нэгдсэн штабын орлогч дарга бөгөөд Ардын Чөлөөлөх Армийн Олон улсын Стратеги Судалгааны хүрээлэнгийн захирал Адмирал Сүн Зяньгуо нар Форумын нээлтийн арга хэмжээнд оролцов.

"Яриа хэлэлцээр, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар Аюулгүй байдлыг хангах олон улсын харилцааны шинэ загварыг бий болгох" сэдвийн хүрээнд явагдсан тус Форумд 43 улс, орон, Олон улсын 5 байгууллагын 250 гаруй төлөөлөгчид оролцов.

Форумын үндсэн сэдвийн хүрээнд "Ази-Номхон далайн бүс нутагт үүсээд буй аюулгүй байдлын шинэ төрлийн сорилтыг хамтын хүчээр шийдвэрлэх нь", "Дэлхийн засаглал дахь ЗХ-ний гүйцэтгэх үүрэг", "Далай, тэнгисийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа", "Олон улсын терроризмын аюул, хариу арга хэмжээ" дэд сэдвүүдээр ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Иванович Антонов, БНХАУ-ын Гадаад харилцааны дэд сайд Лиу Зенмин, Шинэ Зеландын Батлан хамгаалахын сайд Герри Браунлий, БНСВУ-ын Батлан хамгаалахын дэд сайд генерал Нгуен Чи Винх, НҮБ-ын ЕНБД-ын орлогч Атул Харе, Индонз Улсын Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга, дэд адмирал Видодо, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Роберт МкФарлин, Малайз Улсын ЗХЖШ-ын дарга, генерал Зулкифели Бин Мохаммед, Пакистан Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Зубайр Махмуд Хаяат зэрэг улс төр, батлан хамгаалах салбарын нэртэй төлөөлөгчид илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа "Ази, Номхон Далайн Бүс Нутаг Дахь Аюулгүй Байдлын Шинэ Сорилтуудыг Даван Туулахад Хамтын Удирдлага" сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв.

ЗХЖШ-ын дарга "Ази, Номхон далайн бүс нутаг нь улс төр, эдийн засаг, нийгмийн байгуулал, хөгжлийн чиг хандлагаараа бусад бүс нутгуудаас нилээд онцлогтой хэдий ч энэ бүс нутагт цэрэг-улс төрийн аюулгүй байдлын нэгдмэл хамтын ажиллагаа чухал хэвээр байна. Энэ бүс нутагт дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн ашиг сонирхол, анхаарал төвлөрөхийн хэрээр бүс нутгийн улс гүрнүүд хоорондын итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, яриа хэлэлцээрээр аюулгүй байдлын механизмыг бүрдүүлэх нь нэн чухал юм.

Монгол Улс нь Зүүн хойд Азид тулгамдаж буй аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээрийг зохион байгуулах олон санаачилга гаргаж байгааг дурдаад, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар "Зүүн Хойд Азийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ" арга хэмжээг зохион байгуулж, энэ нь бүс нутгийн аливаа ээдрээтэй асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлэхэд ач холбогдолтой юм" гэдгийг илтгэлийн явцад дурдлаа.

Түүнчлэн бүс нутагт байгуулагдсан хамтын ажиллагааны олон улсын байгууллагууд нь улс төр, эдийн засгийн зорилготой боловч аюулгүй байдлын хамтын ажиллагааны агуулгыг дагуулсаар байгаа нь тус бүс нутагт хамтын аюулгүй байдлын механизм бүрдүүлэх, олон улсын харилцааны шинэ загварыг бий болгох боломжийг олгож байна. Энэ нь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлын механизм бүрдүүлэх бас нэг боломж юм.

Зүүн өмнөд Азийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг болох АСЕАН-ийн Бүсийн чуулганы гишүүн орны хувьд тус бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээрт идэвхтэй оролцож, Ази, Номхон далайн аюулгүй байдал, хамтын ажиллагааны зөвлөл дэх оролцоогоо батжуулахыг цаашид ч тууштай эрмэлзэж байгаа болно гэдгийг цохон тэмдэглэв.

Форумын дэд сэдвүүдийн илтгэлийн дараа хэлэлцүүлэг явагдаж, хүндэт зочид, төлөөлөгчдөөс бүс нутгийн аюулгүй байдал, терроризмын эсрэг хамтран тэмцэх чиглэлээр олон санал санаачилга дэвшүүлж, улс орнууд харилцан санал солилцох, хамтын ажиллагааны яриа хэлэлцээний өнөөгийн механизмыг үр дүнтэй хэрэглэх, хөгжүүлэх талаар санал бодлоо илэрхийлж байв.

Сяньшан Форумын үеэр Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Анатолий Иванович Антонов, БНБелУ-ын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Олег Белоконев нартай хоёр талын уулзалтыг хийв. Уулзалтууд нөхөрсөг, харилцан санал солилцсон нөхцөлд болж өнгөрөв.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж