Мадонна
Фото: Kin Cheung / AP
Billboard сэтгүүл “Оны эмэгтэй” цолоо Америкийн дуучин Мадоннад олгохоор шийдсэн байна. Олон жилийн үр бүтээлттэй уран бүтээл ба буяны идэвхитэй үйл ажиллагаа нь энэ жилийн оны эмэгтэй болох гол шалгуур боллоо гэж хөгжмийн сэтгүүлийн тодорхойлолтод өгүүлсэн байна.
“Мадонна бол нөлөө нэр хүнд нь хөгжмийн хүрээнээс хальсан цөөн тооны гарамгай дуучдын нэг” гэж Billboard групп ба “The Hollywood Reporter” сэтгүүлийн редактор Женис Мин (Janice Min) онцлон тэмдэглэв. “Уран бүтээлийн үзэл санаа, инновацийн төлөөх ядрашгүй зүтгэл, буяны үйлс зэрэг нь түүнийг өөрийн мэргэжилдээ дээд амжилтын эзэн болгож байгаагаас гадна сая сая хүмүүсийн үлгэр дуурайл болгож ирлээ. Энэ бүгдийн хажуугаар тэр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч, өөрийн нөлөөгөөр эмэгтэйчүүдийн тухай олон нийтийн үзэл санааг өөрчилж чадах цорын ганц жүжигчин болж чадсан” хэмээн Мин хэллээ.
Дуучин эмэгтэйн Rebel Heart нэртэй сүүлийн концертын аялан тоглолтыг сэтгүүл өндөр үнэлэв. Энэ тоглолтын явцад 170 сая ам.долларын үнэтэй сая гаруй тасалбар зарагджээ. Ийнхүү түүний бүх концертын цуглуулсан мөнгөний нийт тоо 1,31 тэрбум доллар болжээ.
Rebel Heart нь дуучны 10 дахь аялан тоглолт бөгөөд ижил нэртэй шинэ цомог нь худалдаанд гарч байгаатай давхцуулан түүнийг 2015 оны есдүгээр сард эхлүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР