-Жил жилийн намар их, дээд сургуулийн оюутны сургалтын төлбөр нэмэгддэг. Тэгсэн атлаа сургалтын орчин, чанар сайжирдаггүй гэх гомдол тасардаггүй шүү дээ. Тэгвэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль оюутны чөлөөт цагийн эко төвийг өнгөрсөн онд ашиглалтад оруулжээ. Шил толь болсон, дээр нь нэмээд эко орчин бүрдүүлсэн тус сургуулиас сурвалжлага бэлтгэв-
Энэхүү оюутны чөлөөт цагаа өнгөрүүлэх эко цогцолборыг улсын болон сургуулийн хөрөнгө оруулалтаар 570 сая төгрөг зарцуулж, нийтдээ 1350 ам.метр ашиглахгүй байгаа талбайгаа тохижуулан, 2015 оны есдүгээр сард ашиглалтад оруулжээ.
Эко цогцолборын нэг давхарт оюутнуудад үйлчлэх кофе шоп, номын дэлгүүр, тус сургуулийн дурсгалын дэлгүүр, бичиг хэргийн төв, хоолны буфет, сургуулийн оюутны холбоо байрлана. Оюутнуудын хэрэгцээг нэг дор бүрдүүлж өгсөн учраас хөл хөдөлгөөн ихтэй байдаг ажээ. Тус цогцолборын үүдээр ороход оюутнуудын зарим нь найзуудаараа яриа өрнүүлэнгээ хоолоо идэж, нэг хэсэг нь хичээлээ давтаж угтсан юм.
Номин ногоон өнгөтэй, шилэн дээвэртэй уг цогцолборыг “Эко” гэж нэрлэсэн нь учиртай. Шилэн дээвэртэй учраас нарны гэрэл шууд тусдаг. Мөн танхимын гол хэсэгт усан оргилуурыг байрлуулсан нь байгальд ойр мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Эко төвийн гол хэсэгт сандал дээр найзуудтайгаа яриа өрнүүлж буй залуустай ярилцлаа. “Эко төв байгуулснаар бидний сурах орчинд сайнаар нөлөөлж байна. Энэ цогцолборт оюутанд хэрэгтэй бичиг хэрэг, буфет, оюутны холбоо нэг дор байрладаг учраас бидэнд амар байдаг” хэмээн тус сургуулийн нэгдүгээр курсын оюутан Б.Ууганбаяр сэтгэгдлээ хуваалцсан юм.
Харин хоёр давхарт нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийнхаа музейг байгуулжээ. Энэ музейд тус сургууль 1942 онд анх байгуулагдаж байсан түүхээс эхлэн өнөөг хүртэлх түүхийг үечлэн харуулсан байлаа. Үүнд эрдэмтэн мэргэдийн танилцуулгаас гадна сургуулийн санхүүд ашиглагдаж байсан харандаа үзүүрлэгч, сургуулийн анхны диплом, санхүүгийн авдар, анхны зүү тариур зэрэг сонирхолтой үзмэрүүдийг дэлгэжээ.
Харин сургуулийн музейн эсрэг талд оюутнуудын хичээлээ давтах орчныг бүрдүүлж, зориулалтын ширээ, сандлыг байрлуулжээ. Тус сургуулийн Оюутны холбооны тэргүүн Н.Цогтсайхан “Манай сургууль салбар гурав, бүрэлдэхүүн таван сургуулийн 11 мянга орчим оюутантай. Эдгээрээс дөрвөн мянга гаруй оюутан нь энэ төв байранд хичээллэдэг юм. Эко цогцолбор монголын их, дээд сургуулиудаас анх удаа манай сургуульд байгуулагдсан. Энэ төвд оюутнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, нийгмийн идэвхтэй байх орон зайг нь бүрдүүлж чадсан. Хоолоо идэнгээ ангиараа хичээлээ хийж болно. Өмнө нь номын санд хоол идэнгээ, хичээл хийж болдоггүй байсан. Мөн оюутны нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг юм” хэмээн танилцууллаа.
Биднийг очиход эко цогцолборт Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэг витаминжуулалтын аяныхаа хүрээнд оюутнуудад витамин худалдаалж байна. Тус сургууль нийт 60 гаруй оюутны клуб, нийгэмлэгтэй бөгөөд түүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 орчим клуб байдаг аж. Оюутны эрдэм шинжилгээний нийгэмлэгийн олон нийттэй харилцах албаны дарга Ж.Мөнхдэлгэр “Манай нийгэмлэг шинээр элсэн орсон оюутнууд нийгмийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Тийм учраас өнөөдрийн витаминжуулалтын үйл ажиллагаагаа эко танхимдаа зохион байгуулж байна. Мөн ингэснээр оюутнууд маань бусадтай зөв боловсон харьцаж сурна. Ирээдүйн эмч нар эрүүл үүднээс төрөл бүрийн витаминыг 200-700 төгрөгөөр худалдаалж байна. Энэхүү орлого нь манай нийгэмлэгийн санхүүжилт болдог” гэв.
Эко төвд бичиг хэргийн үйлчилгээ эрхэлдэг Ж.Чулуунбат “Манай сургууль бусад их, дээд сургуулийн оюутнуудтай харьцуулбал хичээлийн ачаалал ихтэй байдаг. Тэр утгаараа ном товхимол хувилж, олшруулах хэрэгцээ их гардаг. Сургуулиас гаргаж буй багш нарын номыг оюутнууд маань их канондуулдаг. Мөн манайх оюутны шалгалттай үед ачаалал ихэсдэг. Сургууль дотроо үйлчилгээ эрхэлдэг учраас гадуурх хэвлэлийн газраас хямд үнээр үйлчилдэг” хэмээн ярилаа.
Ийн оюутан залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хичээл номоо давтах тухтай орчинг бусад их, дээд сургуулийн удирдлагууд ч гэсэн анхааралдаа авах нь зүйтэй мэт санагдана.
А.ЦЭЭСҮРЭН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ