-Шинэ засаг Хятадаас зээл авч Тавантолгойн төмөр замыг барихаар төлөвлөжээ-
Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат зуун хоногийнхоо ажлыг сурталчлахдаа Тавантолгойн төмөр замыг барихаар Хятадын төрийн өмчит “Шинхуа” мөнгө босгож байгаа талаар шинэ мэдээ дуулгалаа. Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийг төмөр замыг барихад өөрөөсөө хөрөнгө босгож оролцох хүслээ “Шинхуа” олон жилийн өмнөөс илэрхийлж байсан, өдгөө ч энэхүү сонирхлоо манай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдыг Хятадад ажлын айлчлал хийх үеэр уулзаж, илэрхийлсэн гэнэ.
Мажоритар системийн буянаар УИХ-д бүдүүн бүлэгтэй болсон МАН засгаа байгуулсны дараахан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг Хятадын засгийн хөнгөлөлттэй зээлээр барина хэмээн зарласан юм. Мэргэжлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө уг төмөр замыг 2020 он гэхэд барьж ашиглалтад оруулах том зорилт ч тавиад байгаа билээ. Тавантолгойн төмөр зам бол шинээр байгуулагдсан Засгийн газар болгоны хийх ажлын мөрийн хөтөлбөрт багтдаг ч манай эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашиг, сонирхлын зөрчилдөөнөөс болоод өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нэг километр ч төмөр зам шинээр тавигдаж чадсангүй.
УИХ-аар 2010 онд баталсан “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг эхний ээлжинд барихаар Монголын Засгийн газраас шийдвэрлээд чамгүй хугацаа өнгөрчээ. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд барих төмөр замын цариг ямар байх вэ гэсэн маргаан бараг таван жил үргэлжилсний эцэст, 2014 онд хойшоо өргөн, урагшаа нарийн царигтай төмөр зам барих УИХ-ын шийдвэр гарсан юм. Харин өнөөдөр Гашуунсухайтын төмөр замыг хэнээр, яаж бариулах вэ гэсэн асуудал одоо ч улс төр, эдийн засгийн халуун сэдэв болж байна.
Дөрвөн жилийн өмнө Ардчилсан намын Шинэчлэлийн засгийн үед Тавантолгойн төмөр замыг 2017 онд ашиглалтад оруулахаар мөрийн хөтөлбөртөө тусгаж, Чингис бондын хөрөнгөнөөс 200 сая долларын санхүүжилт гаргасан ч бүтэлтэй ажил болж чадаагүй. Тиймээс Шийдлийн засгаас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт хийх тендерийн шалгаруулалт явуулж, “Шинхуа”, “Сүмитомо”, “Энержи ресурс”-ийг ялагчаар нь тодруулж байв.
Тэдэнд Монголын засгийн газраас
Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилээр хийнэ.
Хөрөнгө оруулагч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болон хөрөнгө оруулагч хүссэн бол зөвхөн Монголын Засгийн газар зөвшөөрсөн тохиолдолд хугацааг сунгана.
Хөрөнгө оруулагч тал Чалко компанийн өр төлбөрийг бүрэн төлөх, нүүрс боловсруулах үйлдвэр, төмөр замын дэд бүтэц барих, бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд хүргэх үр дүнтэй механизм бий болгоно.
Гэрээ зурагдсанаас хойш шууд төлбөрт 650 орчим сая ам.доллар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтад гурван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ.
Монгол Улсын хуулинд заасан бүх татвар хураамжийг төлнө.
5-8 хувийн роялти төлнө
Төмөр замын төсөлд зарцуулсан 200 сая долларыг Засгийн газарт буцаан олгох, өөрийн хөрөнгөөр Гашуунсухайтын 267 км төмөр замыг тавьж, 30 жилийн дараа Монголын Засгийн газарт эргүүлэн өгөх гэсэн нөхцөл, шаардлагуудыг тавьж байсан юм.
С.Энхсайханы боловсруулсан Тавантолгойг ашиглах хөрөнгө оруулагчдын гэрээ УИХ-ын босгыг ч давж чадаагүй буцсан бөгөөд УИХ-аас Тавантолгойн төмөр замыг түмэн цэргээр бариулах тухай шийдвэр гаргаж, энэ оны төсөвт 10 тэрбум төгрөгийн санхүүжилт хүртэл суулгасан.
Төмөр замын хөрөнгө оруулалтад шаардагдах 1.2 тэрбум ам.долларын 49 хувийг "Шинхуа” босгож, 51 хувь буюу 650 орчим сая долларыг “Монголын төмөр зам” Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй зээллээ гэхэд Монгол Улс өрөө хэзээ төлж дуусгахыг нь хэлэхэд бүр ч хэцүү. Энэ тохиолдолд Тавантолгой жинхэнээсээ хятадуудын мэдэлд очихыг хэн мэдлээ. Хятадын мэдэлд Тавантолгойг өглөө гээд дэвхцээд байсан үндэсний эх орончид харин хаана байна?
Тэгвэл шинэ Засаг Хятадын төрийн өмчит “Шинхуа” компаниас мөнгө зээлж, Тавантолгойн төмөр замыг барихаар шийдсэн нь салбарын сайдын “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барих болов уу гэж бодож байна. Өөр арга ч байхгүй. Яагаад гэвэл, Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээл болон өөр гуравдагч орны санхүүжилтээр энэ замыг барих боломжгүй” гэх тайлбараас нэгэнтээ тодорхой байна. Тодруулбал, Тавантолгойн төмөр замын 49 хувийг Шинхуа эзэмших нь баараггүй болжээ гэсэн үг.
Харин Монголын төмөр зам 51 хувийг нь эзэмших бөгөөд төмөр зам барих 51 хувийн хөрөнгө оруулалтыг Хятадаас зээлвэл Тавантолгойн-Гашуунсухайтын төмөр зам 100 хувь хятадуудын мэдэлд очих уу гэсэн асуулт ч зүй ёсоор тавигдаж байна.
Тэр тусмаа “Эх орны хишиг” тараахаар С.Батболдын Засгийн газрын авсан 350 сая ам.долларын өрөнд Тавантолгойн зүүн Цанхи хятадуудад барьцаалагдсан тохиодолд төмөр замаа хятадуудаа бариулах нь эсрэгээрээ Монголын эдийн засагт сохор зоосны ашиггүй наймаа байж болох юм. Учир нь Хятадын төрийн өмчит хөнгөн цагааны үйлдвэр “Чалко”-гийн зөвшөөрөлгүйгээр “Эрдэнэс Тавантолгой” өөр компанид нүүрсээ борлуулах эрхгүйгээр гэрээлсэн байдаг. “Чалко”-д төлөх нийт өр өнөөдрийн байдлаар 110 сая доллар. Таван жилийн хугацаанд нүүрсээ өдөр шөнөгүй зөөгөөд ч бид Чалкогийн өрийг төлж чадаагүй л байна. Хятадын Таншан боомт дээр Австралийн угаасан нүүрсний спот үнэ тонн 200 доллар хүрчихээд байхад Монголын дээд зэрэглэлийн коксжих нүүрс уурхайн аман дээрээ 37 долларын үнэтэй байгаа. Шалтгаан нь тээвэрлэлтийн зардал. Монголын нүүрсний тээвэрлэлтийн зардал өртөг өндөртэй. Нийт үнийн 50 хувь нь тээвэрлэлтийн зардалд явдаг. Тийм болохоор Тавантолгойн төмөр замыг ашиглалтад оруулах нь эдийн засгийн шахалт шаардлага мөн үү гэвэл мөн.
Бидэнд бусдын зээлээр биш бусдын хөрөнгө оруулалтаар төмөр замаа барих боломж байсан уу?, байсан.
Таньжиний боомтоор дамжуулан гурав дах зах зээлд Тавантолгойн нүүрсийг гаргана гэсэн яриа хэлэлцээ хийгээд монголчуууд бас л тав, зургаан жилийг үдэж байна. Коксжих нүүрснийхээ чанараар нэгдүгээрт ордог Тавантолгойн нүүрсийг гурав дахь зах зээлд гаргая гэвэл бид Хятадуудтай хамтрахаас өөр аргагүй. “Шинхуа”-н төмөр замын сүлжээг ашиглан Япон руу угаасан нүүрс гаргахын тулд Шинхуатай хамтрах нь зөв. Гэхдээ хөрөнгө оруулагчаар “Шинхуа”-тай хамтрах боломж байхад яагаад заавал хөнгөлөлттэй зээлээр төмөр замаа тавихаар зүтгээд байна вэ. Гол асуулт л энэ байна? Бидэнд бусдын зээлээр биш бусдын хөрөнгө оруулалтаар төмөр замаа барих боломж байсан уу?, байсан.
Төмөр замын хөрөнгө оруулалтад шаардагдах 1.2 тэрбум ам.долларын 49 хувийг Шинхуа” босгож, 51 хувь буюу 650 орчим сая долларыг “Монголын төмөр зам” Хятадын Засгийн газраас хөнгөлөлттэй зээллээ гэхэд Монгол Улс өрөө хэзээ төлж дуусгахыг нь хэлэхэд бүр ч хэцүү. Энэ тохиолдолд Тавантолгой жинхэнээсээ хятадуудын мэдэлд очихыг хэн мэдлээ. Хятадын мэдэлд Тавантолгойг өглөө гээд дэвхцээд байсан үндэсний эх орончид харин хаана байна?