Зэвсэгт дээрэм хийсэн гэх гурван хүнийг эрж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Зэвсэгт дээрэм хийсэн гэх гурван хүнийг эрж байна

Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ноцтой гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Цагдаагийн байгууллагад одоогоор 2016 оны аравдугаар сарын 12-13 шилжих шөнө Хөвгөл аймгийн Тосонцэнгэл сумын “Ганданда Чойлон” хийдээс Хар морьт сахиус алдагджээ. Энэ сахиус нь 1700-аад оны үед Төвдөөс залж ирсэн түүхийн хосгүй үнэт өв ажээ. Уг хэрэг дээр цагдаагийн мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид, Орхон, Хөвсгөл аймгийн цагдаагийн алба хаагчид хамтран шуурхай ажиллаж гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтнээр гурван иргэн баривчилжээ. Мөн алдагдсан эд зүйлийг бүрэн бүтэн олж, мөрдөн байцаалтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байгаа аж. Уг жишээгээр дамжуулан түүхийн хосгүй үнэт өв хадгалдаг сүм хийд, музейг дохиолол хамгаалалттай болгож, олдворын аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарч байхыг санууллаа.

Харин өөр нэгэн хэргийн талаар мэдээлсэн нь 2016 оны аравдугаар сарын 9-10 шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд зэвсэгт дээрмийн гэмт хэрэг байв. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд болоод, зохион байгуулсан этгээдийг илрүүлж таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар нийт долоон иргэн дээрэм үйлдсэн байж болзошгүй гэх таамаг мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Долоон этгээдээс дөрвийг нь илрүүлээд цагдан хорьсон гэнэ. Үлдсэн гурван этгээдийг улс даяар эрэн сурвалжилж байгаа аж. Дээрх гурван этгээдийн тухай олж мэдсэн зүйл байвал иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдэж хамтран ажиллахыг хүсч байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдэгдлээ.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж