(Цуврал тайлбар өгүүлэл – 2)
Жон Роулсын байр суурийн тухай товч
Роулс нийгмийн гэрээний онолын ХХ зууны том төлөөлөгчийнхөө хувьд энэ байр сууринаас зүй ёсны онолоо боловсруулсан юм. Дашрамд хэлэхэд, Роулсаас гадна нийгмийн гэрээний онолын гол төлөөлөгчдийн тоонд XVII, XVIII зууны Англи, Францын философичид болох Томас Хоббс, Жон Локк, Жан-Жак Руссо нар ордог.
Роулсын Зүй ёсны онол ном гарсны дараа Роулст “эгалитари либерал үзэлтэн” хэмээн тун хачин тодорхойлолт өгөх болсон. Гэхдээ бас учир утгагүй ч биш. Роулсын өөрийнх нь баримталж байсан байр суурьтай холбоотойгоор ийм нэр томьёо үүссэн хэрэг л дээ. Тэрээр тэгш ёс, эрх чөлөө хоёрыг эвлэрүүлэх гэж тун их хичээв. Бараг л амьдралынх нь зорилго байв. Бүх бүтээлдээ энэ хоёр үгийг ямагт хослуулж хэрэглэнэ. “Эрх чөлөөт, тэгш эрх бүхий иргэн” гэх мэтчилэн. Гэхдээ “эрх чөлөөт” гэсэн үгийг заавал эхэнд нь тавьдаг байв.
Либертари байр сууринаас бол эрх чөлөө, тэгш байдал хоёрын хооронд “хармони” (эв зохицол) байх боломжгүй. Энэ тухай цуврал нийтлэлийн өнгөрсөн долоо хоногийн өгүүллийн иргэд “эрэмбэлэгдэх” тухай хэсэгт өгүүлсэн, мөн энэ удаагийн нийтлэлд ч гэсэн арай хожуу тайлбарлах болно.
Түрүүнд хэлж байснаар, Роулс хувь хүний тухай ярих бүрдээ, ялангуяа Улс төрийн либерализм зохиолдоо “эрх чөлөөт, тэгш эрх бүхий хувь хүн” гэж уртаас урт тэмдэг нэрийг заавал хавсаргадаг байв. Ойлгомжтой л доо. “Эрх чөлөөт” гэж тодорхойлоод “тэгш эрхт” гэдгийг орхигдуулбал баруун буюу либерал байр сууринаас, харин “тэгш эрхт” гэчхээд “эрх чөлөөт” гэдгийг орхигдуулах аваас зүүн буюу социалист байр сууринаас асуудалд хандаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ гэж эмээсэн хэрэг.
Зүй ёсны онолын үндсэн категориуд
Зүй ёсыг улс төрийн ба эдийн засгийн гэж хамгийн ерөнхий байдлаар хувааж болно. Улс төрийн зүй ёс гэдэг нь иргэд адил эрхтэй байна уу, тэд хуулийн өмнө тэгш байж чадаж байна уу гэх мэт асуудлыг хөндөнө. Эдийн засгийн зүй ёс нь голдуу “хуваарилалтын зүй ёс” гэсэн үгээр илэрхийлэгддэг бөгөөд нийгэм дэх баялгаас хүртэх ёстой зүйлээ хүртэж байна уу, үгүй юү гэдэгтэй холбогдоно. Энэ хоёртой холбоотой олон категори, термин гарч ирдэг.
Ж.Роулс 1971 онд хэвлэгдсэн Зүй ёсны онол хэмээх бүтээлдээ зүй ёстой холбоотой үндсэн категориудаа боловсруулжээ. Ингээд Роулсын хэлснээр, зүй ёсны онолын үндсэн ойлголт (concept) биш, харин ухагдахуунуудын (conception) талаар товч тайлбар хийе.
Үл мэдэхүйн хөшиг (veil of ignorance). Нийгэм нэг л биш байв. Тиймээс ямар нийгэм зохистой талаар иргэд сонголт хийх боллоо. Нийгэмд амьдарч буй хүмүүс бүгд л өөр өөрсдийн байр сууринаас сонголтоо хийцгээнэ. Баян хүмүүс болохоор өөрсдөдөө таатай нийгмийг сонгох гэнэ, дундчуул ч мөн адил. Ядуус ч ялгаагүй өөрсдийн ашгийг харж, нийгмийн баялгийг тэгш хуваарилдаг системийг сонгоно. Үүн лугаа арьс өнгө, хүйс, нас, боловсрол, угсаатны бүлгүүд мөн л өөрсдийн бүлэгт ашигтай сонголтыг хийх гэж оролдоно. Энд шударга байх нөхцөл алга.
Тэгвэл хүн хэзээ шударга байж чадах вэ? Өөрийгөө хэн болохыг мэдээгүй цагт өөрийнхөө болон өөр шигээ хүмүүсийн төлөө санал өгөх аргагүй. Ийм нөхцөлд яавал шударга сонголт болох вэ гэдэг үүднээс саналаа өгнө. Роулсын хэлснээр “хүн зөвхөн өөрийгөө бодож саналаа өгөх нөхцөл байдал хөшгөөр хаагдчихлаа”. Өөрөөр хэлбэл, хувийн эрх ашиг нь үл мэдэхүйн хөшгөөр халхлагдаж буй хэрэг.
Уг байрлал (original position). Хоббсын философиос авсан энэ нэр томьёогоор Роулс “үл мэдэхүйн хөшигний” цаана буй нөхцөлийг ойлгосон. Гэхдээ сонголт хийх үндсэн нөхцөл.
Ухаалаг сонголтын зарчмууд (principles of rational choice). Хүмүүс уг байрлалаас сонголт хийхдээ ямар зарчим баримталдгийг дараах зарчмууд харуулдаг гэж Роулс үзсэн. 1/ Максимайзын зарчим. Аль болох өндөр дунджийг эрэлхийлэх зарчим. Өөрөөр хэлбэл, энэ зарчмаар сонголт хийж буй хүн дунджийн дотроос хамгийн өндөр дунджийг эрэлхийлнэ. Хэдийгээр Роулс ингэж хэлээгүй боловч хувийн саналаа хэлэхэд энэ сонголтын үр дүнд дундчуудын нийгэм гарч ирэх магадлалтай. 2/ Максиминийн зарчим. Сонголтын үр дүнд муу зүйл гарч ирэх вий гэдгээс аль болох зайлсхийнэ. Хамгийн сайныг сонгох зорилгогүй, гол нь муу үр дүнгээс зайлсхийх сонголт. Сонголтын үр дүнд диктатурт, авторитари нийгэм л гараад ирэхгүй бол бусад нь яамай гэх маягтай. 3/ Максимаксын зарчим. Энэ сонголт хамгийн сайн үр дүн рүү чиглэнэ. Дэлхий дээр цэвэр энэ зарчмын дагуу сонгосон сонголтоор бий болсон нийгэм байхгүй л болов уу. Энэ сонголтоор хэчнээн сайн-сайхан үр дүн гарсан ч түүнээс илүүг эрэлхийлнэ.
Гипотетик гэрээ (hypothetical contract). Нийгмийн гэрээний онолтой холбоотой Кантын гаргасан нэр томьёо. Нийгмийн гэрээний онолоор, нийгэм бол тухайн нийгмийн гишүүдийн “дуугүй (чимээгүй) хэлцлийн” үр дүнд гарч ирдэг зүйл. Монголын 3 сая иргэн бүгд гэрээ-хэлцэл хийгээд тухайн гэрээнд гарын үсгээ зурж байж нийгмээ байгуулдаг юм биш. Тэгэхээр тэр “гэрээ” ихээхэн гипотетик (төсөөлөл, таамаг) шинжтэй. Зарим тохиолдолд нийгмийн гишүүд бүгд хамтран аз эзээ үзэж (риск хийж) байна хэмээн үзэж болно. Гэрээний үр дүнд яг ямар нийгэм гарч ирэх нь тийм тодорхой биш. Ийм тохиолдолд бүх юм гипотетик шинжтэй.
Зарим философичид энэ гэрээний рискийг ойлгуулахын тулд дараах аналоги хийсэн байдаг. Хоёр хүн мөрийтэй хөзөр тоглож байна. Хөзрөө хуваачхаад хартал газарт нэг хөзөр уначихсан байв. Тэгэхээр яах вэ. Дахиж хуваах уу? Дахиад хуваатал одоо барьж байгаагаас нь муу мод ирж болно. Гэхдээ заавал тэгэх албагүй. Сайжирч ч бас болно. Аль нь ч байж болно, үүнийг таамаглахаас өөр аргагүй, өөрөөр хэлбэл, гипотетик шинжтэй.
Роулсын хоёр зарчим (two principles of Rawls). Зүй ёсны онолд Роулсын гаргаж ирсэн, ихэд алдаршсан хоёр зарчим байдаг. 1. Эрх чөлөөний зарчим. Хүн эрх чөлөөтэй байх эрхтэй. Зөв, гэхдээ яг тийм эрх бусдад нь байсан тохиолдолд тэр нь эрх мөн. 2. Ялгаат байдлын зарчим. Нийгэм дэх бүх хүн адил тэгш байдаггүй. Гэхдээ тийм ялгаат байдал дараах шалтгаантай байвал хүлээн зөвшөөрч болох юм. А/ Хэн нэг хүн арын хаалга, танил тал, хээл хахуулиар бус шударга өрсөлдөөний нөхцөлд авьяас, хөдөлмөрлөх чадвар, оюун ухаан, боловсрол зэргээрээ бусдаас давуу байдлыг олж болно. Б/ Хэн нэгэн эрхэлдэг албан тушаалаасаа хамаарч нийгэмд бусдаас дээр оршиж болно. Гэхдээ гол нь тэр албан тушаалд очих бололцоо бүх хүнд нээлттэй бөгөөд шударга өрсөлдөөнөөр түүнд хүрдэг байх ёстой.
Эрх чөлөө, тэгш эрхийн харьцаа (liberty and equality). Роулсын зүй ёсны онолын үндсэн санаа яван явсаар эрх чөлөө юү, тэгш эрх үү гэсэн дилеммид хүрч ирдэг. Энд л түүний онол маш их шуугиан тарьсан. Зарим философичид түүнийг эрх чөлөөнд хэтэрхий бууж өгч, тэгш эрхийг золиосоллоо гэж шүүмжилсэн бол зарим нь тэгш эрхийг хэт дээдэлж, эрх чөлөөнд халтай санаа гаргасан хэмээн шуугьцгаав.
Уг нь, Роулс өөрөө энэ хоёрын хоорондын гармонийг олчихлоо гэж бодсон (Тийм ч учраас түүнийг эгалитари либерал гэж тодорхойлсон хэрэг). Тэр асуудлыг хэрхэн шийдсэн бэ? Бялуугаа булаацалдаад буй эгалитари болон либерал үзэлтний нэгэнд нь уг бялууг хуваах, нөгөөд нь хуваасан бялуунаас эхэлж авах эрхийг өгөх ёстой гэж үзсэн. Бялуу хувааж буй хүн хуваасан бялууных нь ямар хэсэг өөрт нь оногдохыг мэдэхгүй учраас (учир нь, хуваасан бялуунаас эхэлж авах эрх нөгөөдөхөд нь байгаа) аль болох шударга, тэгш хуваахыг эрмэлзэхээс өөр аргагүй гэж. Энд мөн л нөгөө “үл мэдэхүйн хөшигний” санаа явсаар.
Роулсын хамгийн их алдаршсан дээрх номыг гарсны дараа
1971 онд Роулсын Зүй ёсны онол хэвлэгдсэнээр дэлхийн улс төрийн философичдын дунд жинхэнэ “шум” дэгдсэн юм. ХХ зуунд яг Хоббс, Локк, Руссо, Кант нартай ижил сэтгэж, тэдний ойлголтын аппаратаар сэтгэдэг хүн гарч ирлээ. Дашрамд хэлэхэд, Роулс Принстон, Корнэллийн Их сургуулиудын философийн профессоруудын дунд идэр насаа өнгөрөөсөн тул ясны философич болон төлөвшжээ.
Гэхдээ тухайн номын шуугиан дэгдээсэн үндсэн шалтгаан нь хүн төрөлхтний хамгийн их анхаарал татаж байсан ямар нийгмийн байгууламж “зөв” болох тухай асуудлыг хөндсөнд байв. Хүн төрөлхтөн хамгийн “зөв” нийгмийг олохын тулд дайн байлдаан, хувьсгал, мэтгэлцээн дунд хэдэн мянган жилийг өнгөрөөсөн. Платон, Аристотель, Фомагийн хөндөөд байсан (тэгснээ хэсэг зуур мартагдсан) асуудал дахин маш хүчтэй амилжээ.
Роулсыг баруун болоод зүүн талаас нь чамгүй “балбацгаав”. Нотр-Дамын Их сургуулийн философийн профессор Аласдай С.Мак-Интайр, Принстонын Судалгааны Төвийн судлаач, улс төрийн философич Майкл Уалзер, Английн эмэгтэй философич Онора О’ Нэйл, Харвардын Их сургуулийн улс төрийн философич Майкл Сандэл (энэ хүн нэлээд хожим Роулсаас хойш Харвардад очсон болов уу) нар голцуу зүүн талаас нь шүүмжилжээ. Эдгээр сэтгэгчдийг зүүн буюу социалист байр суурин дээр байсан хэмээн хэлж болохгүй юм гэхэд коммунитари байр суурин дээр байсан гэж хэлэх бүрэн үндэстэй.
Харин баруун талаас нь, нэг тэнхимд хамт ажиллаж байсан профессор Робэрт Нозик шүүмжлэв. Тэрээр Роулсын номын хариуд Анархи ёс, төр, утопи хэмээх бүтээлээ 1974 онд гаргалаа. Магадгүй, энэ бүтээл Роулсыг шүүмжилсэн бүх бүтээл дотроос хамгийн жинтэй нь болов уу.
Ингээд Роулс энэ бүх шүүмжлэлийг шүүн тунгаасны эцэст 20 гаруй жилийн дараа Улс төрийн либерализм номоо гаргав. Энд шулуухан хэлэх ёстой нэг зүйл байна. Жон Роулсын бүтээлүүдэд нэвтрэхэд амаргүй. Амаргүй байдаг шалтгаан нь Нэгд, тэр их хүнд, академик хэлээр бичдэг (лав л миний хувьд ингэж бодогддог). Хоёрт, Роулс шууд философийн сонгодгуудын (Кант, Хоббс, Локк нарын) категорийн аппаратаар сэтгэж, тэдний категори терминээр санаагаа илэрхийлдэг. Гурав дахь бэрхшээл бол зөвхөн хоёр дахь бүтээл буюу Улс төрийн либерализм-тай нь холбоотой. Энэ бүтээлээ 20 гаруй жилийн хугацаанд гарсан шүүмж, сануулга, магтаалд шууд хариу болгох маягаар бичсэн (бусдын хэлсэн зүйл, ном, нийтлэлийг засахыг нь засаж, няцааж, хүлээн зөвшөөрөх маягтай) тул Роулсын өмнөх бүтээл-Зүй ёсны онол болоод энэ номд гарсан өдий төдий шүүмж, магтаал, хариу бүтээлийг олж уншаагүй хүн ойлгоход хүнд. Би зарим хүнд хэлдэг юм: “Улс төрийн либерализм-ыг шууд уншиж буй хүн бол 50 ангитай киноны дундаас эхэлж үзээд учрыг нь олохгүй мэлэрч буй хүнтэй төстэй” гэж.
Энэ бүх шалтгааны улмаас Улс төрийн либерализм номыг орчуулах захиалга надад ирэх үед Зүй ёсны онол-ыг эхэлж орчуулъя гэж хариу санал тавьсан авч захиалагч тал хүлээн аваагүй болно. Яая гэх вэ, “мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдгаас” хойш. Гэхдээ би захиалагч талыг ойлгож байна. Сүүлд гарсан бүтээлийг орчуулах нь зөв. “Учир нь, маш их хэлэлцүүлэгт орж, шүүмжлэгдсэн тул хоёр дахь хэвлэл нэлээд засагдсан, үзэл бодолд нь өөрчлөлт ч орсон бүтээл байж таарна” гэх зэрэг бодол байсан буй за.
Нэг хачирхалтай зүйл хэлэхэд, сүүлд гарсан бүтээл болгон өмнөхөөсөө сайн байдаггүй аж. Лав л Роулсын хоёр бүтээлтэй танилцсан миний туршлагаас харахад. Ингээд Улс төрийн либерализм номын хялбарчилсан тайлбарыг та бүхэнд толилуулъя.
Философийн ухааны доктор Б.БАТЧУЛУУН