Сүүлийн үед Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа ТББ, холбоод эрүүгийн гэмт хэрэгт холбогдох явдал нэмэгдэж байна. Тухайлбал, “Даяар Монго”л, “Хөх Монгол”, “Босоо хөх Монгол”, “Хас Монгол”, “Ногоон хас” зэрэг таван ТББ, хөдөлгөөний 16 хүн эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагджээ.
Эдгээр гэмт хэргээс хамгийн сүүлд 2016 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Шулуун цагаан” компанийн хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Ц-г “Босоо хөх Монгол” ТББ-ын дөрвөн хүн айлган сүрдүүлж байгаад 30 мянган юань, 21 сая төгрөгийг бэлнээр гаргуулж авчээ. Бэлэн мөнгө авахдаа Т гэгчид өртэй байсан тул өрөө төллөө гэдэг баримт хүчээр үйлдүүлсэн байна. Одоогоор энэ хэргийг шалгаж байгаа аж. Мөн Монголын бизнес эрхлэгчдийг их хэмжээний ашиг олсон тул үүнээсээ хувь өг гэж дарамтлах асуудлаар гомдол иржээ. Үүний нэг нь “SB” компанийн захирлыг 2016 оны аравдугаар сарын 13-ны өдөр “Хас Монгол” ТББ-ын хоёр гишүүн Туул голын эрэгт авч очоод 200 сая төгрөг нэхэж, дарамтлаад зэвсгийн чанартай эд зүйлээр биед нь халджээ. Ингээд хохирогчийн биед байсан хоёр сая төгрөгийг аваад дээр нэмж 18 сая төгрөг өг гэж заналхийлсэн байна. Хохирогч нэхэмжилсэн мөнгийг өгөх гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйлийн 149.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд хорих 461 дүгээр хорих ангид цагдан хорьж байгаа аж.
Иймд гол усаа хайрлая гэх мэт үндсэрхэг уриа лоозон барьчхаад бусдыг айлган сүрдүүлж, дарамталж байгаа үйлдэлтэй цагдаагийн байгууллага хатуу тэмцэнэ гэв. Эдгээр этгээдийн үйлдлээс болоод хохирсон иргэн байвал цагдаагийн байгууллагад хандахыг хүслээ.
Т.ДАВААНЯМ