-Сонгууль өгч буй учир өнөөдөр нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй-
Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль улс даяар өнөө өглөөний /2016.10.19/ 07.00 цагаас эхэллээ. Иргэд өөртөө хамгийн ойр дөт ажиллах, төрд өөрийг нь төлөөлөн суух төлөөлөгчөө сонгож байгаа болохоор энэ өдөр бүх нийтээрээ амарч байна. Энэ нь орон нутгийн сонгуульдаа ач холбогдол өгч буйн илрэл бөгөөд энэ өдөр нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр, спортын арга хэмжээ зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй.
ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ
Хотын мэрийн шийдвэрээр сүүлийн үед мөрдөж байгаа автомашины дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээлж байна. Уг хязгаарлалтаар бол өнөөдөр лхагва гариг учир улсын дугаар нь 3, 8-р төгссөн машинтай иргэд замын хөдөлгөөнд оролцох боломжгүй байсан юм. Тэгвэл өнөөдөр бүх машин чөлөөтэй зорчиж болно гэсэн шийдвэрийг гаргажээ.
Сонгуулийн тухай хуулийн 8.2-т сонгуулийн санал авах өдөр нийтээр амарна гэж заасан. Хуулиар тогтоосон амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүйн дагуу нийслэлд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
АВТОБУСНЫ ТООГ НЭМЭГДҮҮЛЖЭЭ
Иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээг ажлын өдрийн гаралт болон ажлын өдрийн цагийн хуваариар өглөөний 6:45 цагаас оройны 22:30 хүртэл ажиллуулахаар зохицуулжээ. Сонгуулийн энэ өдөр их багтаамжийн 921, бага оврын 22 нийт 943 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана хэмээн Нийслэлийн тээврийн газраас мэдээлсэн юм.
ЗАХУУД АМАРНА
Сонгуулийн өдөр гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд болон худалдааны төвүүдийг амраахаар шийдвэрлэсэн байна. Бүх төрлийн зах, худалдааны төвүүдийн тухайн долоон хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр рүү шилжүүлсэн гэсэн үг юм. Тиймээс зах, худалдааны төвүүд өнөөдөр амарч, харин хуваарьт амралтын өдрөө амрахгүйгээр ажиллах юм байна.
ХИЛИЙН БООМТУУД АМРАХГҮЙ
Орон нутгийн сонгуулийн энэ өдөр хилийн боомтууд ердийн цагийн хуваариар ажиллах юм байна. Харин аравдугаар сарын 31-ний өдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буюу өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр тохиож байгаа тул Монгол, Хятадын автозамын хилийн боомтууд амрах болсныг Гадаадын иргэн, харьяатын газраас мэдэгджээ.
ХОЁР ӨДӨР ДАРААЛАН АРХИ ХУДАЛДАХГҮЙ
Аравдугаар сарын 19,20-ны өдрүүдэд улс даяар архи, согтууруулах ундаа худалдаалахгүй. Учир нь өнөөдөр Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авч байгаа бол маргааш техникийн тооллого хийх учир ийн хоёр өдөр дараалан архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хоригложээ.
Д.ЦЭЭНЭ