Чингис хааны өлгий нутгаар аяллаа

Хуучирсан мэдээ: 2011.07.20-нд нийтлэгдсэн

Чингис хааны өлгий нутгаар аяллаа

ЧИНГИС ХААНЫ ӨЛГИЙ НУТГААР АЯЛЛАА

Манай
сонины хамт олон тэгш ойнууд давхацсан энэ жилийн баяр наадмаар эзэн
Чингис хааны өлгий нутгаар аялж, хийморь, лундаагаа сэргээхээр Хэнтий
аймгийг зорьсон юм. Бидний аялал энэ сарын 8-13-нд үргэлжлэв.  

ӨМНӨХ ӨДӨР НЬ ДОГДЛОЛ ДҮҮРЭН ӨНГӨРЛӨӨ

Долдугаар
сарын 7. Энэ өдөр  “Маргааш аялалдаа гарна” гэхээс ажлаа ч тогтож хийж
чадахгүй догдлолоор дүүрэн өнгөрлөө. Өглөөний хурлаас эхлээд л аяллын
уур амьсгал орчихсон байсан юм чинь арга ч үгүй биз ээ. Уг нь ч өглөөний
хурал яг л ёс журмаараа эхэлсэн л дээ. Өмнөх өдөр нь гарсан сониныхоо
алдаа, оноог ярьсныхаа дараа маргааш гаргах сониныхоо “хар зурга”-ийг
гаргасан юм. Харин дараа нь аяллын талаарх яриа өрнөлөө. Хэдийгээр
маргааш явахаа мэдэж байсан хэдий ч “Маргааш эрт хөдөлнө шүү. Хувийн
бэлтгэлээ сайн хангаарай” гэсэн эрхлэгчийн хэдхэн үг биднийг ямар нэгэн
мөрөөдлийн гэмээр ертөнц рүү хөтлөөд орчих шиг болсон. Бид ажлаа эртхэн
дуусгаж, аян замд хэрэглэхэд шаардлагатай бүрдүүлэхээр дор бүрнээ яарч
байлаа. Манайхан нийт дөрвөн багт хуваагдсан учир хэдхэн минутын зав
гарав уу, үгүй юү нэг харахад л хаа нэгтээ баг багаараа “толгой холбож,
хошуугаа нийлүүлчихсэн” байх дүр зураг өдөржингөө л нүднээ илхэн байв.
“Манай багт ийм ч зүйл дутуу байгаа. Эднийх тийм “юм” бэлтгэсэн байна
билээ. Би тагнуул хийсэн” гэх мэт үгс дуулдах нь инээдтэй ч юм шиг
хэрнээ энэ аяллыг хэчнээн их хүлээж байсныг маань илтгэх мэт. Бүгд л
яарахын  амтанд орчихсон байсан болохоор ч тэр үү. Долдугаар сарын 8-ны
дугаар ядах юмгүй бэлэн боллоо. Ажлаа эрт дуусгасан багийнхан нь
дэлгүүрийн зүг гүйх шахам гарч одно. Арай амжаагүй хоцорч үлдсэнүүд нь
багийнхнаа хүлээн эрт гарсан бусад багийнхандаа битүүхэн атаархан сууж
байх шиг харагдсан шүү. Түрүүлж гарсан багийнхан үлдсэн багийнхандаа
хандан “За, тэгээд дэлгүүрт бүгд таарав даа” хэмээн хэлж байсан нь
битүүхэн атаархсаныг нь гэрчлэх буй за. Гэтэл яасан гэж санана. Үнэхээр ч
бид тус, тусдаа явсан хэрнээ дэлгүүрт таарч, ажил дээрээ хамт ирцгээсэн
юм. Ингээд ажил дээрээ орой бүгд цуглахдаа маргаашийг тэсэн ядан хүлээж
байгаа тухайгаа хөөрөлдөж байлаа. Дараа нь сонсох нь ээ, манайхан бүгд л
тэр шөнө бараг унтаагүй гэсэн.

“ЦОНЖИН БОЛДОГ”-ООР ДАЙРААД ХЭНТИЙН ЗҮГ ХҮЛГИЙН ЖОЛОО ЗАЛАВ

Хүсэн
хүлээсэн өдөр маань ирлээ. Өглөөний 8.30 цагт ажлын байранд цуглах
ёстой байсан ч шөнөжин догдолсондоо ч тэр үү. Зарим маань цагаасаа
нэлээд хоцорч ирэв.  Уван цуван ирсээр 9.30 цаг гэхэд манайхан
цугларлаа. Унаандаа тухалцгааж, нийт 1200 гаруй километр замыг туулсан
юм.  Аяллын чиглэл  маань бүхэлдээ л Чингис хаантай холбоотой газрууд
байлаа. Хамгийн түрүүнд  “Цонжин болдог” хөшөөт цогцолбор буюу Чингис
хааны ташуур олсон гэгдэх газарт очих байв. Замдаа дуулж, хуурдаж явсан
учир нэг л мэдэхэд “Цонжин болдог”-т ирчихсэн алхаж явна. Энд гадаадын
жуулчдаас гадна монголчууд олон байлаа. Хэдхэн жилийн дараа гэхэд Эрх
чөлөөний хөшөө, Эйфелийн цамхаг, Таж махал, Египетийн Пирамид шиг
алдартай болох энэхүү цогцолборын хамрах хүрээ урьд нь ирж байснаас их
болжээ. Ойролцоогоор ойр орчмынх нь 10 гаруй километр газрыг хашаалжээ.
Тэгэхээр тун удахгүй хөшөөн дээр нь гараад хараа бэлчээхэд гүйцэхээргүй
асар том байгууламж болох дог шүү. Хөшөөт цогцолбор руу ороход монгол
хүн 5000 төгрөгийн тасалбар авна. Хамгийн түрүүнд та Чингис хааны олсон
гэгдэх ташуурыг бэлгэдэж хийсэн асар том ташуур болон мөн л тийм
хэмжээтэй монгол гутлыг гол танхимд байрлуулсан байхтай таарна. Энд
эрчүүд баатар эрсийн хуяг, дуулгыг агсаж зургаа авахуулж болно. Харин
эмэгтэйчүүд хатдын болон эртний дээл хувцас өмсөх боломжтой аж. Харин
доод давхарт нь хүрэл зэвсгийн үеийн музей байсан нь энэхүү цогцолборыг
улам ч чимж байлаа. Цахилгаан шатаар нэлээд удаан явсны эцэст сая нэг
Чингисийн морин дэл дээр гарах нь тэр. Гэхдээ бид дээшээ алхаж хүрсэн
юм. Аварга том морины дэл дээр гарч, Чингис хаантай хамт зурганд мөнхрөх
гэсэн хүмүүсийн дараалал энд Улаанбаатарын замын түгжрэлтэй адил  байх
нь  хэвийн үзэгдэл. Зарим нь бүр “Хүлээж цаг алдаж байхаар зургаа хамт
авахуулчихъя” гэх нь ч энүүхэнд гээд бод доо. Монголчууд ийм л яаруу
хүмүүс. Харин жуулчид биднийг зургаа хэрхэн авахуулахыг ажиглаж, хүлээж
байсан. Үүний эцэст гэнэт л бөөнөөрөө орж ирсэн монголчууд  яаж орж
ирсэн шигээ л гэнэт алга болно. Тэгээд л жуулчид тайван гэгч нь зургаа
авахуулна даа. Энэ хүрэх замд үзвэрийн танхим бий. Энд энэхүү хөшөөт
цогцолбор цаашид хэрхэн өргөжих талаар үзүүлдэг юм. Цаг нэлээд саатсан
учир бид энэхүү үзвэрийн танхимыг алгасч, мөн л цахилгаан шатыг
хүлээлгүйгээр шатаар уруудахад хөгжилтэй байлаа. Аяллын эхний өртөөнд
ийнхүү бууснаар бидний дараагийн буудаллах газар Аварга тосон сувиллын
газар болж хувирсан юм.

ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРАЛ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ АРАЛ БАЙСАН

Замд
таарсан овоонд идээ өргөж явсаар Хэрлэнгийн гүүрийг давж, Хэнтий
аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орж ирлээ. Аварга тосон руу хүрэхийн
тулд засмал замаас гарч, 70 гаруй километр газрыг шороон замаар туулав.
Эндэхийн шороон зам нь Улаанбаатарын засмал замаас дээр санагдсан нь
хачирхалтай ч үнэн шүү. Нүд алдам цэлийх ногоон тал, цэнхэр тэнгэртэй
айлсахыг харахад үнэхээр дуу алдахгүй байхын аргагүй. Хаяанд нь 1000
айлын өвөлжөө байдаг гэгдэх нөмөр нөөлөгтэй Хэрлэнбаян-Улаан ууланд
үүлэн хөшиг татсан нь нүд алдам цэлийх ногоон тал цэлмэг тэнгэрийн
хооронд ямар нэгэн зааг байгааг илтгэнэ. Бид Цэнхэрийн голыг туулж,
зорьсон газраа хүрэх ёстой байсан ч харамсалтай нь Цэнхэрийн гол
ширгэсэн байлаа. Энэ гол энд урсаж байсан гэдгийг жижигхэн хуурай
сайраас өөр гэрчлэх зүйл байсангүй. Одоо Цэнхэрийн гол “Цэнхэрийн голоор
нутагтай” хэмээх дууны шүлэг болон мэддэг цөөхөн хүнийхээ ой тойнд л
үлдэж дээ. Бид лав харж чадаагүй юм. Харамсалтай л санагдсан. Ийнхүү
замд таарах байгалийн сонин хачныг харж, бахархаж, харамсаж дуу алдаж
явсаар Аварга тосонд бид хүрэв. Хар, цагаан хоёр нуурын дунд орших
Аварга тосон хэмээх сувиллын газар гэхээс илүүтэй жуулчны бааз уу, ямар
нэгэн хотхон уу гэмээр санагдсан. Замбараагүй барьсан гэр, жижигхэн
байшингууд нь ингэж хэлэхэд хүргэсэн юм. “Урьдын цагт Аварга тосон гэж
ийм ч газар байгаагүй юм” хэмээн тэндэхийн хүмүүс шүүрс алдацгааж
байсан. Урьд нь энд үлгэр жишээ сувиллын газар ажиллаж, хар нуурынх нь
захаас л хануур хорхой барьдаг байсан юм билээ. Харин одоо хар нуурынх
нь хануур хорхой бараг дуусч байгаа гэнэ. Харин цагаан нуурынх нь эрэг
дээр бурхан залж, мөргөлийн тавцан бүтээсэн байлаа. Бид цаашаа
Хэрлэнгийн хөдөө арал орж, “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойд
зориулж босгосон Чингисийн хөшөөн дээр очицгоосон юм.

Энэхүү
хөшөөг 1990 онд энд босгож байсан бөгөөд тухайн үед улсын баяр наадмаас
дутахааргүй наадам хийж байсныг нутгийнхан нь одоо ч гэсэн дурсан Чингис
хаанаараа бахархсаар байдаг юм билээ. Эртний бичээс бүхий энэхүү
хөшөөний голд Чингис хааны дүрсийг товойлгон сийлжээ. Сахлаа имэрч буй
гарт нь нутгийн ардууд болон ирсэн гийчид шар тос түрхсэн байсан учир
хөшөө бүхэлдээ тос даасан байв. Хөшөөг Аураг хотын туурийн дээхнэ
байрлуулжээ. Монгол Японы хамтарсан төслийн шугамаар Аураг хотын туурийг
хашаалсан байсан учир хамаагүй ойртож болохгүй байсан ч энэхүү тууриас
археологийн асар их олдвор олдсон, Чингис хааны гэр хот байсан тухай
тэндэхийнхэн хуучилсан юм. Сэнгүр горхи, Хэрлэн голын дунд байрлах
Хэрлэнгийн хөдөө арлыг зорих бас нэг шалтгаан нь эндэхийн рашаан аж.
Хэрлэнгийн  хөдөө арал хэмээх нэрийн учрыг “Хэзээ нэгэн цагт энэ хэсэг
газар арал байсан байж таарна. Учир нь тэр үед Сэнгүр горхи, Хэрлэн гол
одоогийнх шиг жижигхэн байгаагүй нь лавтай. Гол нь мөрөн, горхи нь голын
дайтай байсан учир энэ хэсэг газрыг арал гэхээс өөрөөр юу гэх байсан
билээ” хэмээдэг юм билээ. Эргэн тойрон улаан хүрэн жижигхэн хадтай
энэхүү рашаанд хүрэх гэж Сэнгүр горхины нэгээхэн хэсгийг туулдаг ёстой
аж. Харин одоо бол хүмүүс машинтайгаа туулаад, дэргэд нь очдог болсон
байна. Хүхэр амтагдсан энэхүү рашаан газар доороос ундардаг байсан ч
саяхнаас судлыг нь дагуулж хоолой тавьж, крантаар гоожуулан мөнгөөр
худалддаг болсон юм байна. Рашааныг тойруулж хашаа барьж, хамгаалалтад
авсан нь сайн боловч крантаар гоожуулдаг болсонд нь энд ирж дассан иргэд
нэлээд дурамжхан байсан. Рашаан уух гэсэн хүмүүс мотоцикль хөлөглөн
ирэх хүнийг ирэхээс нааш аяга, саваа дүүргэнэ гэж үгүй. Тэр хүн ирж байж
л крант онгойж, рашаан гоожино. Хашааны нэг буланд крантаар гоожихгүй
рашаан байсан ч хүмүүс түүнээс уух нь тун ховор аж. Учир нь тэнд зэв,
замаг бургилдаг юм билээ. Бид рашаанаас уусныхаа дараа гол, горхиноос
зайдуу, Аураг хотын туурийн хажууханд хээрийн унд зооглов. “Чингис хаан ч
бидэнтэй адил яг энд хоол, цай зооглож байсан даа” гэж бодох тоолонд
зүрхнээс нэг зүйл огшиж, монгол хүн болж төрсөндөө, Монгол орон, Чингис
хаанаараа бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Хээрийн хоол,
цайндаа яриа хөөрөөгөөрөө хачир нэмсэн бид Хэрлэнгийн хөдөө арлаас
Өндөрхааны зүг хүлгийн жолоо залцгаалаа.

ӨНДӨРХААНД “ЧӨТГӨР”-ТЭЙ ТААРАВ

Буцахдаа
яг л ирсэн шигээ байгалийн сайхныг биширч, ирсэн замаараа 70 гаруй
километр явж, засмал замд оров. Биднийг засмал замд ороход хэдийнэ гэгээ
тасарчээ. Очих ёстой амралтын газрынхан маань цагаасаа хоцорч байгаад
санаа зовинон байн байн утас цохино. Ийнхүү хэлхээтэй дөрвөн машин
цуварсаар Өндөрхааны бараа харагдах газарт засмал замаас гарч,
“Өндөрхааны жуулчны бааз” хэмээх амралтын газарт очив. Нэлээд оройтсон
учир хорхогоо маргааш болтол хойшлуулж, хонины шинэ шөлөндөө будаа
чанаж, гэдэс идээд хонов. Хонов ч гэж дээ. Үүний дараа зөндөө юм болсон.
Эмэгтэйчүүд хоёр байшинд хуваагдаж, эрчүүд нь гурван гэрт хуваагдаж
унтахаар болов. Унтахын өмнөхөн адал явдалтай зүйл ярьж, гадаа цэцэрлэгт
сууж байтал манай программист залуугийн нүүр хувхай цайчихсан гүйж
ирлээ. Тэрбээр чөтгөртэй таарсан гэнэ. Бид анх итгэхгүй “Аан, дамшиглаж
байна уу” гээд тоохгүй байсан ч түүний найз охин нь үүнийг гэрчилж,
үнэхээр ч энэ хавь сүнстэй байж магадгүй болоод явчихлаа. Бүгд л айж,
сандралдаж эхлэв. Шөнөжин айж хоносны эцэст сая нэг үүр цайж бүгд
байрлах нь тэр. Хэдийгээр өглөө болсон ч айдас жихүүдэс биднийг нөмөрсөн
хэвээр л байв. Шөнийн айдсаас салах гэж үс, гэзгээ угааж сэргэв. Ингэж
байтал хорхог бэлэн болжээ. Баг багаас хачраа гаргаж, сайхан
хоололцгоолоо. Гэтэл нөгөө чөтгөр гээд байсан маань эндэхийн мэдрэл
муутай хүн байсныг бидэнд үйлчилж байсан жуулчны баазын эгч хэлсэн юм.
Тэр хүн хааяа чармай шалдан гүйж, гэрүүдээр ордог байж. Тэр ховор
тохиолдолтой бид таарч, шөнөжингөө айж хоносноо мэдээд нэг нэгнээ шоолж,
сэтгэл тайвширсан ч “Цаашид хээр олон удаа хононо. Тэр үед үнэхээр
чөтгөр таарвал яана” гэсэн яриа нэг хэсэгтээ л газар авсан юм. Шөнө
ирсэн болоод ч тэр үү. Ойр хавийнхаа сайхныг мэдрээгүй байсан бид сая
нэг тайвшрахдаа ямар сайхан байгальтай, тансаг тохижилттой газарт ирснээ
мэдэрч дуу алдацгааж байсан нь  хөгтэй. Хараа гүйцэхгүй талд баян бүрд
аятай орших энэ жуулчны бааз Чингисийн үеийн нэг отгийг санагдуулам аж. 
Цэцэрлэгт хүрээлэнг тойрсон саравч, саравчийг тойрсон гэрүүд, хажууханд
нь байрлах жижигхэн, дүнзэн байшингууд үнэхээр өвөрмөц харагдаж байлаа.
Энэ бүхнийг тойруулж зассан замуудыг дагасан гэрэл эртний үеийг орчин
үетэй хослуулжээ. Зочны өргөө хэмээх том сийлбэртэй гэрт бид мөн ч их
зураг авахуулсан даа. Чингисийн өргөө гэлтэй энэхүү гэрийн хананд эртний
бөө мөргөлийн багуудыг өрсөн нь хараа булааж байлаа. Мөн хаан, хатан
хоёрын суудал, сандал ширээ нь уран сийлбэрчний ид хавийг гайхуулж
байсан сан. Ингээд болоогүй цэрэг эрсийн хуяг, дуулгууд нь ч бүхний
анхаарлын төвд байсан юм. Зураг авахуулах цаг өндөрлөж, явах байсан ч
бүжгийн цагаар энд байх хугацааг түр сунгав. Усаар байлдангаа бүжгийн
талбай дээр нь хэд эргээд бид эндээс Дадал сумыг зорин хурдаллаа.

БАЯРТАЙ, БАХАРХААД БАРШГҮЙ ХЭНТИЙ


“Манай
сониныхон Чингис хааны өлгий нутгаар аяллаа” гарчигтай аян замын
тэмдэглэлийг уншигч та бүхэнд өчигдрийн дугаараараа дамжуулан хүргэсэн
билээ. Үргэлжлэлийг нь толилуулж байна.

“ДЭЛҮҮН БОЛДОГ”-ИЙГ ОРООСОН ОНОНГИЙН УРСГАЛ БҮҮ ТАТРААСАЙ

“Өндөрхаан”
жуулчны баа­заас үд нэлээд хэвийсэн хойно хөдөлсөн учир Дадал хүрч
чадалгүй уулын энгэрт майх­наа барьж хоноглосон нь бидний хээр хоносон
анхны шөнө байлаа. Бидний аяллыг тэнгэр таалсан мэт нар, хур тэгширсэн
сайхан өдрүүд үргэлжилсээр л. Маргааш нь эрчүүд маань загас барихаар
“нум, сумаа агсаж” гэдэг шиг л уур­гаа  агсаж, машинаа хөлөг­лөн явсан
боловч харамсалтай нь бид загасны шөл ууж чадаа­гүй юм.  Тэд замдаа
таар­сан Онон мөрөн, Хэрлэн, Бал­жийн голны алинаас нь ч загас барьж
чадаагүй л дээ. Хэдийгээр загас идэж чадаагүй ч хээрийн хоолоо хийж
идээд цаашаа аян замдаа гарав. Үдээс хойш Дадал сумын бараа харагд­лаа. 
Хэнтийд ирснээс хойш хамгийн их мод харсан газар нь энэ. Ой хөвч, тал
хээр хосолсон эндэхийн байгалийн гоо үзэсгэлэн донжтой нь аргагүй
харагдах  аж. Ой модон дундах шороон за­маар явахад эргэн тойрны модод
ямар нэгэн үлгэр, тууль шив­нэх мэт салхины аясаар сэргэ­чигнэн
сонсогдоход Чинги­сийн баатрууд бидний хажуу­ханд алхаж буй мэт
сэтгэг­дэл төрнө. Бид Дадал сумаас  хэдхэн километрийн зайд орших
“Дадал” жуулчны баазад буудаллаа. Чингисийн үед хэрэглэж байсан болов уу
гэ­мээр ахуйн болон байлдааны хэрэгс­лийг модоор дуурайлган хийсэн
бүтээлүүд хашаан дотор­хыг нь чимэглэх аж. Энд хорхог хийлгэж идэн мөн л
нэг хоно­гийг үдсэн. Оройжин хөгжилд­сөн биднийг хараад тэвчиж сууж
чадахгүй болсон болол­той буриад нөхдүүд аяны дөрөө мултлан бидэнтэй
нэгдэв. Бидний найр буриад зан үйлийг шингээсэн бяцхан наадам болж
өргөжих нь тэр. Нэгний­хээ царайг ч үл ялгам сарны шингэн туяанд шөнө
дөл хүр­тэл буриад яриа өрнүүлж, буриад дуу эгшиглүүлж, ёохор хатиран
бүхэлдээ бу­риад зан үйлээр амьсгалан уйдах завгүй хонох нь үнэ­хээр
сайхан байсан. Ирсэн гийчин явдгийн үлгэрээр сар жаргаж, нар мандахад
бид­ний явах цаг болов. Биднийг явахад эндэхийн модон сав­луу­рын нуруу
тэнийсэн байх. Чингисийн хүлэг баатрууд савлуурддаг байсан уу гэ­мээр
тавуулаа суухад ч хотой­доггүй савлуур дээр мөн ч их савлуурдсан даа.
Харин тэндэхийн буриад найз нар маань дурамжхан  үлдсэн. Хэдхэн километр
давхиад  бид Чингис хааныхаа унасан газар болох “Дэлүүн болдог”-т
хүрлээ. Овоон дээр нь гарч, адис авч, салхинд нь илбүү­лэн зогсохдоо
Хавт Хасар эн­дээс 570 алдын газарт сум тавьж байсныг сонсох нь өвөг
дээдсээрээ бахархах бахдлыг төрүүлж байлаа. Хөл дор Онон мөрөн урсаж,
нар­ны туяа моддын үзүүрийг зүсэх адил гялтганах нь нүд баяс­гана.
Биднийг ийн явахад хэдэн буриад Дэлүүн болдог овоог баясгаж, буриад дуу
дуулах нь чих баясгаж байв. Ийнхүү эх түүх, эх орноороо бардам­наж
ханасан бид  тус тусын машиндаа суун, Биндэр сумыг зорин хурдалцгаасан
юм.

ЦАХЛАЙНУУДЫГ СЭРЭЭЧИХГҮЙН ТУЛД ШӨНӨЖИН ШИВНЭЛДСЭН ГЭСЭН

Бодох
нь ээ, бид нэг сумыг зорьж дөрөө жийчихээд л замдаа хоночихдог
зуршилтай болсон байсан. Энэ удаад ч үүний жишгээр Биндэрт хүрэлгүй Онон
мөрний хөвөөнөө майхнаа барилаа. Хээрийн хоол. Түүдэг гал. Хууч яриа.
Ура, ура, ура. Нар бүхэлдээ Онон мөрний усанд шингэн уусах мэт улбар
туяагаараа ус гялтгануулсаар чимээгүйхэн жаргахыг хараад хоолоо идэхэд
нарны туяаг залгиад байгаа ч юм шиг санагдаж билээ. Дотор халуу оргиод л
ямар халуун байсан гэж санана аа. Нар жаргахтай зэрэг­цээд сар мандсан ч
бид­ний яриаг улам “амттай” болгох түүдэг гал хэрэгтэй бай­сан учир
хормын төдийд л түүдэг гал асаалаа. Амттайхан яриа­гаа галын цогонд
булсан төм­сөөр даруулахын сайхныг бид тэгэхэд хамтдаа мэдэрсэн. Тэр
шөнө амралтын газар бус Онон мөрний хөвөөнөө, сарны гэрэлд бус түүдэг
галын дөлөнд, буриад биш монгол яриа өрнүүлж, монгол дуу дуулж
өнгөрүүлсэн. Түүдэг галын тойрог аажмаар хумиг­даж эхлэв. Хүмүүс
нойрон­доо дийлдэн уван цуван майхны зүг гэлдэрч эхэл­лээ. Ононы хөвөөнд
түү­дэг галаа манаж үлдсэн хэд маань цахлайнуудыг унта­хыг харсан аж.
Шөнөжин шүлэг уншиж, үлгэр, тууль хэлэл­цэхдээ Ононгийн цахлай­нуудыг
сэрээчихгүйн тулд шив­нэлдэж ярьж байсан гэсэн. Тэд өөрсдөө унтаагүй ч
цахлайнууд болон биднийг сэрээ­чихээгүй л хоносон юм. Гэхдээ тэдний
байгуулсан гавъяа­ны ачаар өглөө сэрээд нүүрээ толинд харсан хүмүүс Онон
мөрний усыг цалгилтал орилох шахсан билээ. Бидний үзэх хамгийн сайхан
агаад сонир­холтой, сураг сонсох нь ээ аймар ч юм шиг газар бол Хар
зүрхний хөх нуур байсан юм. Ямар нэгэн тайлагдашгүй нуу­цыг агуулах мэт
ус нь хар­лан байдаг энэ нуур руу бид энэ л өдөр явсан юм. Бүгд ачаалж
дуусаад хогоо ууталж машиндаа  хийснээр Өглөгчийн хэрмээр дайран
зорь­сон газраа очих байлаа.

ДАХИАД ОЧИХДОО ЦУЦАЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ БИЕЛҮҮЛНЭ

Энэ
газарт хүрэхийн тулд Онон мөрний нэгээхэн хэсэг болох Байдаст харагчны
гар­мыг гатлах ёстой аж. Бид үүнийг бервазаар туулна хэмээн төлөвлөсөн
байсан ч тийм үйлчилгээг энд үзүүл­дэггүй аж. Гүехэн ч юм шиг энэ гармыг
машинаараа гатал­­чих юм шиг санагдаж эх­ний машин маань гол руу
ор­лоо. Машин маань ч урсгал сөрөөд л урагшлаад байлаа. Эрэг дээр үлдсэн
хэд маань ура хашгираад л дэмжээд байв. Гэнэт голын дунд маши­ны мотор
унтарч, ямар ч ажиллагаагүй болов. Ингээд бид­ний сууж явсан машин голын
яг дунд нь гацчихлаа. Эцэст нь трактораар татуулан голоос гарсан юм.
Үлдсэн гур­ван машины маань нэг нь тракторын чиргүүл дээр ачуулж, нэг нь
трактораар чирүүлж, нэг нь гүехэн хэсгээр нь голыг туулан эрэг дээр
гарсан. Харин голд гацсан машин ассан­гүй. Усыг нь шавхрахыг хүлээн эрэг
дээр нэлээд удаан хүлээв. Энэ хооронд Биндэр сумын төвөөс наадмын
хуу­шуур авчирч идлээ. Энэ өдөр долоодугаар сарын 12 байсан юм.
Эндэхийнхэн 11-нд нэлээд найрласан бололтой. Нанчилдаангүй найр гэж
байдаггүй хойно. Сумын төвд нь нэлээн хэдэн байшингийн цонх хагарч, энд
тэндгүй хөх нүд­тэнгүүд бэлчиж харагдсан. Машин маань асаагүй учир бид
төлөв­лөгөөгөө цуцлан ачааны машин хөлсөлж, машинаа ачаад Улаанбаатарын
зүг хөдлөхөөр боллоо. Гэхдээ хэзээ нэгэн цагт дахин ирж, Хар зүрхний хөх
нуурыг үзэх зорил­гыг хэн, хэн нь цээжиндээ тээн буцсан юм. Энэ нуурыг
үзэж амжаагүй ч гэсэн замдаа дахиад нэг Дэлүүн Болдогтой учирлаа. Энэ
Дэлүүн Болдо­гийн урд хэсэгхэн газрыг ногоон хашаагаар хүрээ­лүүлсэн
байсныг “Их хуралдай” анх хуралдсан газар хэмээн нутгийн хүн нь
тайлбарлаж өгсөн юм. Харин хоёр дахь Дэлүүн Болдогийг Хулжийн гол 
хормойлон урсдаг юм билээ.  Бид оройн хоолоо Хурхнаг жабурын хөндий
хэмээх газарт Хулж голын эрэг дээр идсэн. Бидний сууж байсан эргийн цаад
талд нь Өглөгчийн хэрэм байдаг бөгөөд нутгийнхан нь энэ хавьд Чингис
хааны онгон байж болзошгүй хэмээдэг юм билээ. Ийнхүү Хулжийн голын
хөвөөнд хорхогны үнэрт мансуурч, нар жаргахыг харс­наар Хэнтий нутгаар
аялсан бидний аялал өндөрлөж нутгийн зүг төмөр хүлгийн жолоог залсан юм.
Шөнөжин дав­хиж Улаанбаатарт ирсэн холын ч гэмээр ойрын гийчдийн аялал
Төв цэнгэлдэх хүрээлэнд тоос татуулан очиж, наадмын хуушуурны найр
хийснээр өндөрлөсөн билээ.

Аяа, миний буриад
Хэнтийн
буриад сумдаар аялаад ирлээ. Хаа холын Улаанбаатараас 1200 кило­метр
давхиж буриад зоноор дууланхан, уйланхан  арван тавны сарны асгарсан 
цагаан гэрэл дор ёохор хатирч, түүдгийн  дэргэд шүлэг уншин  омогшив.
Ононы  усанд орж, машинтайгаа урсаж бас үзлээ. Хатуу дарсанд халамцсан
буриадуудын  толгой холбон шүлгэлэхийг сонсож, Ононы эрэг дээр омогшиж
ядсандаа начилдаж байхыг нь ч харав. Алдарт Чингисийн нутгаар аялна
гэхээсээ илүү  агуу буриадын нутгаар хөндлөн давхиж буриад зоны хэрхэн
амьдарч байгааг будаг шунх­гүйгээр үзнэ гэхээс сэтгэл дэнсэлж байлаа.  
Р.Чойномын  “Буриад” найраглалыг  19- хөн настай  уншин уярч, 
буриадуудтай  дотносон нөхөрлөхийг хүссэн тэр цагаас хойш  олон жил
өнгөрчээ.

Хээрийн гөрөөс шиг насны минь
Хээтэй хоргой шиг намтар дунд
Арилшгүй мөрөө үлдээсэн
Аяа миний буриад

гэж хундага тулгах бүртээ уншаад   омогшин асдаг, тэгээд хэдэн цагаар ч
хамаагүй  шүлэг хэлдэг  Дорнодын буриад сэтгүүлч  найзаа өдий олон
жилийн дараа  Ононы эрэгт,  түүдгийн дэргэд үгүйлэхийн чинээ санасангүй
явлаа.  Түүнийг залгуулж аваад
Дураар задгай амьд­ралын минь
Дундуур дүүрэн хунда­ганууд дунд  
Аагтайхан сархад болж амтлагдсан
Аяа, миний буриад
…  гээд  амьсгаа татан хөнтөрч орхидог буриадхан баавай Алтангэрэл ахыгаа ч дурсан хөглөгдөж  нулимс унагаж   үзлээ.   

Амьдралын 
энэ олон нугачааны нэгээхэн хэсэгт  арилшгүй мөрөө үлдээсэн  одтой
залуу насны минь дурсгалт өдрүүд Ононы хөвөөнд амилан шүүрс алдуулж байх
юм. Амьдрал гэдэг мөн сонин оо.  Арван тавны дугуй сар цагаан гэрлээ
асгаруулж одод түгсэн шөнийн тэнгэр дор халхын ёсоор найралж ядсан
ширээнд урилгагүй зочилсон Батхуяг хэмээх буриад эр бидэнд хөгжөөн
нэмлээ. Мэдэхээсээ мэдэхгүй нь олон буриад дуугаар  түрлэг өргөж,
буриадаар ярьж, бас дээр нь Чойномын найраглалаас иш татан сэтгэлийн
хөөрлийг  нэгмөсөн дээд цэгт хүргэж орхилоо. “Алив халх ахан дүүс
босохтий.  Ононы хөвөөнд ёохор хатирнавш” гээд үнэнээр нь хэлбэл толгой
эргэтэл, дэгсдүүлж жаахан “давсалвал”  газар хотолзтол хатирч өгсөн
дөө.  Олон жилийн өмнөөс түүхийг нь уншиж, бусдын амнаас сонсож асан
буриадуудтай хамт Онон мөрний эрэг дээр тэргэл сарны гэгээнд ёохор
хатирна гэдэг амьдралын хуудсанд хөг нэмсэн  сайхан дурсамж болж үлдэх
нь маргаангүй ээ. Түүний яриагаар бол Р.Чойномоос илүү найрагч үгүй,
Чингис хаанаас өөр баатар үгүй гэнэм. Тийм  бол  тэр хоёр буриад
гаралтай ч байж мэднэш бас. Нээрээ ч тийм дээ. Хан Хэнтийн буриад сум
Дадалд төрж өсөөд,  Биндэр, Дадал, Батширээтээр багтаж ядан  амьдарч, 
нутгаараа, хэлээрээ аархаж буй тэрбээр энэ хоёр их хүнээр иш татан
агсамнахад ер нь яадгийм. Буриад байтугай нь Чингис, Р.Чойномоор
бардамнаж дэлхийн чих дүлийртэл хашгирч байхад яагаад болохгүй гэж. Төрж
өссөн нутагтаа  дасаж сурсан амьдралдаа ташуурсан ах хүү маань мөдхөн
тэгээд бусад буриадуудтайгаа нанчилдаад сураг тасарсан. “Нанчилдаангүй
найрыг ямар найр гээшивнээ” гэдэг зоны ямар ч будаг шунх, худал хуурмаг
гоёчилсон  магтаалгүй амьдралын нэгээхэн хэсгийг бараг 3D гээр хараад
ирсэн маньд бол ховорхон тохиох аз биз ээ.  За тэгээд эзэн Чингисийн 
хүй цөглөсөн нутагт

Тэмүүжин  Хасар хоёрын тоглож өссөн нутаг
Дэлүүн болдгийг ороосон
Ононгийн гол ширгээгүй
Дээдэс хаадаа хүндэлсэн
Монгол түмэн устаагүй…

гэх тэртээ социализмын хаалттай он жилүүдэд Р.Чойномын  шүлгэлсэн
шүлгийн мөр бадгууд өөрийн эрхгүй бодогдоод байх юм билээ. Тэмүүжин,
Жамух хоёрын Мэргэдийг  сөнөөж Бөртэ хатныг суллан аваад гурав дахь
удаагаа анд барилдсан гэх домогт   Хорхунагийн хөндийгээр  дайрч
өнгөрлөө.  Хойхнуур нь ороон урсах Онон мөрний мөсөн дээр шагай тоглож
байгаа зээрийн шагай солилцон анд болсон нөхөд гурав дахь удаагаа энд
андын  тангараг  тавьсан атлаа  энэ л  хөндийгөөс хожмын их өс  өвөрлөн
салж мордон сэтгэл алсарсан  гэдэг.  Хорхунагийн хөндийд  жаргаж буй
нарны доогуур дуниартан сүүмийж байхыг харж зогсоход юу эс бодогдох аж.
Андын тангарагыг энд тавьж, бас агуу  нөхөрлөлийг энд үгүй хийж болдог
юм уу гэсэн бодол эргэж хургана. Нэг нь дэлхийн түүхэнд мянганы хүнээр
тодрон үлдэж, нөгөө нь Монголын түүхэнд Гүр хаанаараа мөнхөрч, хоёулаа
агуу нөхөрлөл агуу дайсагналын  домог болон дуурсагдах хувьтай  тэдний 
түүхээс дурсалгүй өнгөрч үл чадлаа. Ай, Хорхунагийн хөндий чи найман
зуун гучаад жилийн өмнөх ямархан нууцыг хадгалан юу ч болоогүй мэт
дүнсийнэ вэ. Жаргаж буй нарны доогуур үл мэдэг инээмсэглэл шиг газар
тэнгэрийн өнгөндөө уусан алсарсан  их тал баяртай. Их хааны нутаг
баяртай.  Их найрагчийн шүлгээ бичиж уншиж, бас   унаж босож, Биндэр,
Дадал,  Батширээтийн бяцхан буриад хөвгүүдтэй Хэнтий нутгийн дошин дээр
хэмх нүдэлдэж явсан түүний залуу нас баяртай.  Буриадын нутгаар явахад
замын хань болж сэтгэлд шүүрс алдуулан энэхүү нийтлэлийг бичүүлж
дөн­гөсөн  “Буриад” найраглал  бүр ч их  мандутгай. 

Л.МӨНХБАЯСГАЛАН, Р.САРАНГОО

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж