Дарханы замыг түр хугацаагаар хаалаа

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

Дарханы замыг түр хугацаагаар хаалаа

Хөдөө орон нутагт цас орж, цасан шуурга шуурч байгаагаас зарим замыг түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргаж байна. Дархан-Уул аймагт цас их орж байгаа учраас Улаанбаатараас Дархан орох замыг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг тус аймгийн Засаг дарга дөнгөж сая гаргасан байна.

Урьд нь орон нутгийн зам даваа хаах шийдвэрийг салбарын сайдын тушаалаар гаргаж байсан бол энэ удаа аймгийн Засаг даргын шийдвэрээр хаасан байна. Зам зуурт цасан шуурга ихтэй, цас үргэлжлэн орох төлөвтэй байгаагаас ийн шийдвэрлэснийг эх сурвалж тодотгож байна.

ЦААШИД ЦАГ АГААР ЯМАР БАЙХ ВЭ?

Маргааш буюу аравдугаар сарын 19-нөөс 24-ний өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр, хугацааны дунд үе, сүүлчээр цас орж, шууран, хүйтрэхийг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Аравдугаар сарын 19, 22-нд нутгийн баруун хэсгээр, 20,23-24нд зарим газраар цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр 12-16м/с, 20,23-нд 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар хүйтрэх нь.

Төвийн аймгуудын нутгаар: 17-18-нд нутгийн хойд хэсгээр, 20,24-нд зарим газраар, 23-нд нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи 18,20, 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 18-19-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан байна. 24-нөөс хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сарын 17-18, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар, 24-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас цас орно. Энэ хоногуудад салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Аравдугаар сарын 17-18, 20-нд дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар: Аравдугаар сарын 20-нд нутгийн өмнөд хэсгээр, 23-наас 24-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи энэ сарын 18, 20-21, 23-наас 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 17-20-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус өдөртөө 14-19 градус дулаан байх ажээ. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 10-15 градус дулаан байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж