BRICS-ийн уулзалт үр дүнд хүрсэнгүй 

Хуучирсан мэдээ: 2016.10.18-нд нийтлэгдсэн

BRICS-ийн уулзалт үр дүнд хүрсэнгүй 

BRICS-ийн лидерүүд: Гаогийн Taj Exotica буудлын дэргэд зургаа татуулж байгаа нь (зүүнээс баруун тийш,  Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темер, Оросын  ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, БНХАУ-ын дарга Си Жиньпин, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жейкоб Зума)

Энэтхэгийн Гоа-д болж өнгөрсөн саммитаар BRICS улс төрийн тунхаглалтай, олон тэрбумын гэрээтэй ч ямар ч үр дүнгүй “наадлаа”. Орос, Энэтхэг хоёр  Зенитийн пуужингийн С-400 "Триумф» цогцолборын наймаа хийнэ гэсэн ч тэр нь 2020 оноос нааш шийдэгдэхгүй. Байгуулагдсан гэрээнүүд нь олон тэрбум болохоор байгаа ч худалдааны унасан эргэлтээ зогсооно гэсэн  өөдрөг сэтгэгдэл төрүүлэхгүй байна. Энэ саммитийг “их долоогийн” орнуудтай сөргөлдөх хэмжээний гэхээргүй байгаа нь бодит зүйл юм.

Ням гаригт ажлаа дуусгасан BRICS-ийн (Бразил, Орос, энэтхэг, Хятад, Өмнөд Африк) саммит Энэтхэгийн Гоа дахь амралтын Бенолим мужид болсон юм. Оролцогч орнуудын лидерүүд саммитийн нээлтийг хамтын зураг авхуулалтаар эхлүүлээд гар барин уулзацгаалаа. BRICS-ийн ажлын зөвлөлийн гишүүдтэй уулзахдаа таван орны эдийн засгийг ойртуулахыг Оросын Ерөнхийлөгч уриалсан. 

Анхаарал татсан зүйл гэвэл Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар Оросын Зенитийн пуужингийн С-400 "Триумф» системийг Энэтхэгт нийлүүлэх гэрээ л анхаарал татав. Энэ систем нь онгоц, далавчит пуужинг 400 км-ийн зайд устгаж чадах бөгөөд одоо уг системээр ганцхан Орос л зэвсэглэсэн юм. Оросын Цэрэг, аж үйлдвэрийн цогцолборын асуудал хариуцсан Засгийн газрын орлогч тэргүүн Дмитрий Рогозины хэлснээр хоёр орны хоорондын итгэлцэл өндөр төвшинд байгаа учраас Москва нарийн нандин зэвсгээ Энэтхэгтэй хуваалцахаар шийдсэн байна. Гэхдээ наймааны үнэлгээг хэлээгүй ба гэрээ нь ч 2020 он хүртэл байгуулагдахгүй. Ерөнхий сайдын орлогчоос энэ гэрээгээр Орост хэдий хэр ашигтай байхыг асуусан асуултад “Сая сая… улаан сарнай…” гэж дууны үгээр хариулав. Мэдээж энэ нь маш ховор боломж гэсэн үг. 

Энэтхэг, Орос хоёрын хоорондын харилцаанд "Роснефть», "Газпром», "Росатом» хувиа орууллаа. Арван жилийн турш "Роснефть» Энэтхэгт 100 сая тонн нефть экспортлох ба харин "Газпром» жилдээ 2,5 сая тонн шахмал хий нийлүүлэх ажлаа эхлүүлэв. "Росатом» ба Энэтхэгийн Цөмийн эрчим хүчний корпораци Куданкуламын атомын цахилгаан станцын гурав ба дөрөвдүгээр эрчим хүчний блокыг босгох бэлтгэлээ эхлүүлээд байна. Нийтдээ 12 блок байгуулах эрмэлзэлтэй юм. Энэ төсөл нь Оросын Засгийн газрын 3,4 тэрбум ам.долларын зээлээр хэрэгжих юм. Одоо уг станцын тав ба зургаа дахь блокийн гэрээ бараг бэлэн болжээ. Орос, Энэтхэгийн лидерүүд уг станцын эхний хоёр блокийн арилжааны ашиглалтыг эхлүүлсэн товчлуурыг дарах ёслол хийсэн байна. Эцэст нь хоёр талаас тус бүр 500 сая доллар оруулж байгаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалтын санг Орос, Энэтхэг хоёр байгууллаа.

ХЯТАД BRICS ДОТОРХ ОРОСЫН ГОЛ ТҮНШ

Саммит дээр BRICS-ийн дотор Хятад бол Оросын худалдааны гол түнш гэдгийг Си дарга батлан хэлэв. Хятадын тусламжтайгаар, "Ямал СПГ» шахмал хийн төсөл хэрэгжиж байгаа. Цөмийн эрчим хүчний салбарт нь Тяньванатомын цахилгаан станцын хоёр дахь ээлжийн босголтыг Оросын тусламжаар хийж байна. Хоёр орон эрчим хүчний эвсэл байгуулан дорны маршрутаар хийн хоолой барьж байна. Түүгээр жил тутам Хятадад 38 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм. Зургадугаар сард 90 тэрбум долларын 66 тэргүүн төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулсан билээ.

Нэг үгээр тэдний хамтын ажиллагаа дараагийн дамжлагад шилжсэн. Тэгээд л удирдагч нар нь уулзахдаа эдийн засаг яриагүй. Си Жиньпин Оросын сонгуульд нэгдмэл Орос нам ялсанд баяр хүргэв. Тэд төлөөлөгчдийн уулзалтын өмнө хоёулаа суун ярилцав. Ярианы сэдэв тодорхойгүй байгаа юм.

ӨМНӨД АФРИК ПУТИНЫГ УРЬЖ БАЙНА

ӨАБНУ-ын лидер Жейкоб Зума Путинтай уулзахдаа  мөн л нам нь сонгуульд ялсанд баяр хүргээд түүнийг улс орондоо айлчлахыг уриалав. Путин хариуд нь BRICS-ийн эдийн засгийн асуудалд ойр байхыг гуйлаа. Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн онд нэг тэрбум доллар арай хүрээгүй байсан юм. Уналт нь 14 хувийг үзүүлжээ.

БРАЗИЛ: "МАРСЕЛА» МОДЕЛЬ

Бразил энэ жилд магадгүй ирэх жилд нэгдлийн интеграциас хоцрох бололтой. Бразилийн шинэ  Ерөнхийлөгч 76 настай Мишел Темер Гоад өмнө нь модель байсан 33 настай эхнэрийнхээ хамт ирэв. Амрахаар ирэв үү гэлтэй. Нэгдлийн саммитад танилцах үүрэгтэй л байсан байх.

Улс төр хаашаа эргэх бол гэсэн асуудал л анхаарал татсан гэж болно. Одоогоор Бразил энэ эвсэлд үлдэх үү эсвэл Америк руу чиглэгдсэн өөр эвсэлд нэгдэх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

BRICS ӨМНӨХИЙН АДИЛ БИШ БОЛЖЭЭ

BRICS-ийн групп 2006 онд Goldman Sachs банкны эдийн засагч Жим О'Нилийн санаагаар виртуаль нэгдэл болон гарч ирсэн юм. Эхний жилүүдэд энд нэгдсэн орнууд эдийн засгийн өндөр өсөлтийг харуулан  дэлхийн ирээдүйн хөгжлийн жишгийг харуулсан юм. Хятад 10 хувь заримдаа 14 хувийн өсөлтийг, Энэтхэг 9–10 хувиар жилд ДНБ-нээ нэмж байлаа. Орост өсөлт 6-8%. Бразилд 3 – 7%, ӨАБНУ – 3–5% гэсэн өсөлттэй гарч байлаа.

Одоо Энэтхэг, Хятад хоёр 7 ба 6 хувийн өсөлттэй бол Орос, Бразил хоёр өсөлтгүй, уналттай, ӨНБНУ нэг хувийн өсөлттэй байгаа. Группын доторх худалдааны эргэлтээр тэд өсөлтөө хангахаар оролдож байгаа ч оролдлого нь сөрөг л байна.

“Барууныхан BRICS-ийг G7-ийн эсрэг нэгдэл гэдэг. Тийм үзэл санаа нь явцуу хүрээний тэг үзүүлэлттэй тоглоомд л хэрэгтэй” хэмээн Хятадын Global Times сонины тэргүүн өгүүлэлд өгүүлжээ.

BRICS мэдээж, “их долоотой” даяарчлалын үйл ажиллагааны нөлөөгөөр эн зэрэгцэн өрсөлдөж чадахгүй. Улс төр ба эдийн засгаар жин нь таарахгүй. “Гэлээ ч G7 дэлхийн засгийн газар болж чадахгүй. Янз бүрийн орнууд нэгдмэл нэгэн байр суурийг тогтоож чадахгүй. Харин тэд өөрсдийн эвсэл, нэгдлийг үүсгэж болно л доо. BRICS бол АНУ ба Европын холбооны нөлөөний гаднах нэгдэл юм.

Ш.МЯГМАРСАМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж