Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой ярилцлаа.
-"Эрдэнэт"-ийн 49 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж авсан нь зөв, буруу гэсэн маргаан мэтгэлцээн ид өрнөж байна. Хууль бус хэлцэл хийсэн, хэргийн эзэн нь Худалдаа хөгжлийн банк гэсэн мэдэгдэл ч дуулдаад эхэллээ. "Эрдэнэт"-ийн хувьчлалд танай банкны зүгээс ямар оролцоотой ажилласан юм бэ?
-Манай банк энэ сарын 19-нд 26 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголын төрийн болон хувийн хэвшлийн бүх л томоохон төсөл хөтөлбөрүүд, компаниудыг санхүүжүүлж ирсэн түүхтэй банк. Үндсэн үйл ажиллагаа маань том байгууллагад зээл олгох. Тухайн төсөл банкны эрсдэлийн шаардлага, нөхцөлийг хангаж байвал ялгаварлан гадуурхахгүйгээр санхүүжүүлсээр ирсэн, одоо ч санхүүжүүлж байгаа. Төртэй маш ойрхон ажилладаг. Худалдаа хөгжлийн банк төрийн хувьцаа, хөрөнгө оруулалттай ажиллаж байгаад 2003 онд хувьчлагдсан юм. Тэгэхээр түүхэн туршлага, жишгээрээ төртэй хамтран ажилладаг гэсэн үг. Улсын төсөв, эдийн засгийг дэмжихийн тулд Засгийн газрын дотоодын бонд үнэт цаасны өрийн бичгийн ихэнх хувийг худалдаж авдаг.
Бас төрийн өмчтэй компаниудыг санхүүжүүлсээр өнөөг хүрсэн. "Монголын төмөр зам" техник тоног төхөөрөмжөө шинэчлэхдээ, "Эрдэнэт" үйлдвэр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар манайхаас санхүүжилт авч байсан. Монгол Улс түүхэндээ анх удаа "Боинг" худалдаж авсан нь ердөө саяхны үйл явдал. Онгоц захиалчихаад худалдаж авахдаа тулахад засагт мөнгө байгаагүй. Эцсийн мөчид манай банк 80 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байсан. Дахин хэлэхэд зөвхөн "Эрдэнэт" ч гэлтгүй бүх том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Энэ бол бидний өдөр тутам хийдэг ажил. "Эрдэнэт"-ийн хувьцааг худалдаж авахтай холбоотой гэрээ хэлэлцээр эхлэх үеэр манай банкинд санхүүгийн зөвлөгөө өгөөч, санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлт тавьсан.
-Арилжааны банкуудын өнөөг хүртэл хийж чадаагүй том бондуудыг олон улсын зах зээлд амжилттай гаргаж мөнгө босгосон туршлагатай ганц банк бол танайх. "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдаж авах хэмжээний их мөнгийг босгож чадна гэх үндэслэлээр танайхыг сонгосон уу, эсвэл өөр шалтгаан байв уу?
-Тэр бүр хийгдээд байдаггүй, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй, олон улсын гэрээгээр зохицуулагдаж байсан, томоохон хэмжээний үнэ өртөгтэй, олон улсын хориг санкцууд орчихсон улсын компанитай хэлцэл хийнэ гэдэг амар биш. Бид Монголынхоо төр засаг хувийн хэвшлүүдэд зөвлөгөө өгч байсан өндөр туршлагатай. Санал тавьсан шалтгааны нэг нь энэ. Мэдээж хэрэг гаднаас хөрөнгө оруулалт татахаар хэмжээний төсөл хөтөлбөрт мөнгө төгрөг зарцуулах туршлага маань бидэнд хандсан гол шалтгааны нэг. Санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлтийн тухайд Худалдаа, хөгжлийн банк зээл олгодог байгууллага гэдэг утгаараа оролцсон. Харин хөрөнгө оруулалтын банкны болон зөвлөгөө өгөх чиглэллээр ажилладаг TDB Capital компани гэрээ хэлцэлд зөвлөгөө өгч ажилласан.
-"Эрдэнэт"-ийн 49 хувийг эзэмшигч "Монголын зэс" корпораци бол Худалдаа, хөгжлийн банкны төлөөний компани, нэг банк "Эрдэнэт"-д эрх мэдлээ тогтоолоо, хувь оролцоотой болчихлоо гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?
-Энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэмээр байна. "Эрдэнэт"-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй. Хоёрдугаарт, эрх мэдлээ тогтоосон ямар ч асуудал гараагүй. Гуравдугаарт, манай банкаар дамжуулан "Эрдэнэт"-ийн хувьцааг худалдаж авсан гэх ойлголт огт байхгүй. Бид зөвлөгөө өгсөн гэдгээ маш тодорхой хэлж байгаа. Санхүүжилт олгосон нь үнэн. Томоохон хэмжээний хэлцэл байсан учраас хууль дүрмийнхээ дагуу нэг зээлдэгчид олгох боломжтой хэмжээний санхүүжилтийг олгосон. Үүнээс гадна гадаад, дотоодын компани, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож өгсөн.
–Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас мөнгө босгосон гэхээр гадны компанийн ямар нэг оролцоо "Эрдэнэт"-д байж магадгүй гэсэн сэрдлэг гарч мэдэх юм…?
-Бүх мөнгийг зөвхен зээл хэлбэрээр босгосон учраас "Эрдэнэт"-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Дахин хэлэхэд цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Ингээд гэрээ хэлэлцээр амжилттай болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг шалгах үүргийг Засгийн газраас өгсөн байгаа. Тэр үүргийн дагуу манай банкинд шалгалт хийсэн.Үр дүн нь удахгүй нийтэд ил тод болох байх.
-Танай банк жилийн өмнө Засгийн газраар баталгаа гаргуулж олон улсын зах зээлд бонд гаргаж 500 сая ам.доллар босгосон. Засгаас баталгаа гаргуулж босгосон мөнгөөрөө "Эрдэнэт"-ийн хувийг худалдаад авчихлаа гэсэн таамаг хэр ортой вэ?
-Ор үндэсгүй мэдээлэл байна. Эхлээд Засгийн газар ямар нөхцөлд баталгаа гаргадаг талаар ярья. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард батлагдсан Өрийн удирдлагын хуулийн дагуу Засгийн газар Монголын аж ахуйн нэгжүүд, арилжааны банкуудын алинд нь ч баталгаа гаргаж өгөх эрх зүйн орчин бүрдчихсэн. Гэхдээ маш өндөр шалгуураар баталгаа гаргадаг. Бүх арилжааны банкууд Засгийн газрын баталгаа гаргуулах эрхтэй. Цорын ганц нөхцөл бий. Засгийн газрын дотоодын үнэт цаасыг худалдаад авчихсан, өөрөө хэлбэл Засгийн газраас авлагатай бол тэр өрийн бичгээ барьцаалж баталгаа гаргуулж болно гэсэн хуулийн заалттай. Энэ заалтын дагуу 2015 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын баталгаа гаргуулсан юм. Тухайн үед дотоодын зах зээлд гарсан Засгийн газрын өрийн бичгийн бараг тал шахуу хувийг манай банк худалдаж авч эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл, өнгерсөн жилүүдийн төсөв эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байсан гэсэн үг. Засгийн газар өнөөдөр төсөв хүндрэлтэй байна, алдагдлаа яаж нөхөх вэ гэж байна. Өмнөх Засгийн газрууд энэ асуудлыг дотоодын бонд гаргах замаар шийдсээр ирсэн. Дотоодын бондын гол хөрөнгө оруулагчид нь арилжааны банкууд байдаг. Бид тухайн үеийнхээ хамгийн том дотоодын үнэт цаасны багцыг эзэмшиж байсныхаа хувьд нэг их наяд гаруй төгрөгийн өрийн бичгийг засагт барьцаалж 500 сая ам.долларын баталгаа гаргуулсан юм. Бондоо амжилттай арилжиж 500 сая ам.долларын эх үүсвэр оруулж ирсэн. Тэр эх үүсвэр манай банкинд ороогүй. Шууд хэлцэл хийх замаар Монголбанкинд худалдсан.
–Банкаараа дамжуулаад зээл болгож гаргасан нь илүү ашигтай байсан юм биш үү?
-Банкаараа дамжуулж зээл гаргах нь мэдээж бидэнд нэмэртэй. Гэхдээ тухайн үед Засгийн газрын бонд гаргахад маш хүндрэлтэй болчихсон байсан. Өрийн хязгаар тулсан учраас гадаад, дотоодын хаанаас ч өр нэмэх, бонд. гаргах боломж хомс байсан л даа. Монголбанкинд валютын нөөц хэрэгтэй, шаардлагатай байсан учраас Засгийн газар, Худалдаа хөгжлийн банк хамтарч, нөхцөл байдлыг тохирсны үндсэн дээр 500 сая ам.долларын бонд амжилттай болсон. Түүнээс хойш огцом өсөлттэй явж байсан ханш 2015 оны тавдугаар сараас тогтворжсон. Өнгөрсөн онд, энэ жилийн эхний зургаан сард ханш нэлээд тогтвортой 2000-аас доош байсан нь ийм учиртай. Монголын эдийн засаг, валютын нөөцөд өндөр ач холбогдолтой ажил болж чадсан. Тэгэхээр өнгөрсөн зургадугаар сард хийгдсэн хэлцэл 2015 оны дөрөвдүгээр сард гарсан бондтой ямар ч хамаагүй.
-Зарим улстөрч Худалдаа хөгжлийн банк Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хяналтаа тогтоолоо, Багануур ТЭЦ-III, ТЭЦ-IV-ийг ч эрхшээлдээ авах нь гэсэн мэдэгдэл хийгээд байх юм. Банкны зүгээс ямар тайлбар хэлэх вэ?
-Баримтгүй хардлагаар банкны нэр төрд халдаж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийг нь төөрөгдүүлж, үйл ажиллагааг нь доголдуулах нь хуулиар хориотой зүйл.сХариуцлагатайгаар мэдэгдэхэд манай банк Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ямар нэг хувьцаагүй. Эдгээр үйлдвэрүүдэд банкны зүгээс удирдлагын түвшинд очиж ажилласан, хяналт тогтоосон зүйл байхгүй. Элэгдэл доройтолд орсон, үр ашиггүй болсон үйлдвэрүүдийн үр ашгийг нь дээшлүүлэх, техник технологийг нь шинэчлэх зорилготой төсөл хөтөлбөрүүд байсан учраас тухайн үедээ санхүүжүүлсэн. Дараа нь гадны хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтэд хамрагдаад явсан. Тэгэхээр манай банктай ямар ч хамаагүй гэсэн үг.
"Багануур"-ын хувьд хувьцааных нь 25 хувь Монголын хөрөнгийн биржээр арилжигддаг олон нийтийн компани. 75 хувийнхаа 24 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр 2012 онд гарсан юм. Багануурын 24 хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулахад зуучлах андеррайтер, брокерын компанийн нээлттэй сонгон шалгаруулалтад манай "TDB Capital” гэж хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй үнэт цаасны компани ялсан. Түүнээс хойш хувьчлалын асуудал хэд хэдэн удаа буцаж, дахиж сэргэж явсаар өнгөрсөн зургадугаар сард, сонгуулийн өмнө шийдэгдэж бид Багануурын 24 хувийг олон нийтэд санал болгосон юм. Харамсалтай нь УИХ-ын сонгууль яг энэ цаг үетэй давхацсан. Эдийн засгийн хямралд орчихлоо гээд зарлачихсан. Ийм шалтгаанаар Багануурын хувьцааг сонирхож байсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид саналаа өгөөгүй. СЗХ-ны шинэ удирдлага саяхан хуралдаад нэгэнт амжилтгүй болсон, хөренгө оруулагч олдоогүй, хувьцаа нь зарагдаагүй хэлцлийг бүртгэлээс хасах нь зүйтэй гээд өмнө гарсан шийдвэрүүдийг цуцалсан. Багануур хувьцаат компанийн хувьцаанд ямар нэг өөрчлөлт гарч, хувьцаа нь манай банкинд ирсэн зүйл огт байхгүй. Бид цэвэр мэргэжлийн ажил хийсэн. Үнэт цаасыг хөрөнгийн бирж дээр гаргаж зардаг, зөвлөгөө өгдөг, хөрөнгө оруулагч олж өгдөг ажлаа л хийсэн.
ТЭЦ-III, VI-ын. 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах буюу олон нийтэд санал болгох Засгийн газар, ТӨХ-ын шийдвэрүүд гарсны дагуу зарласан тендерт нь манай "ТDB Capital” компани туршлагатай гэдэг утгаараа ялсан. Одоо ч гэсэн ажиллаад явж байна.
-ТЭЦ-III, VI-ын хувьцааг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчид "TDB Capital”-д хандаж болох нь ээ?
-Хандаж болно. Бид хөрөнгө оруулагч хайж байгаа. Энэ хоёр компанийн хувьцааг худалдаж авах ч юм уу, эдгээр компанид эрх мэдлээ тогтоох гэсэн зорилго бидэнд байхгүй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг олон нийтийн бирж дээр гаргаж, нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд нь л мэргэжлийн зевлөгөө өгч ажиллаж байна. Ерөнхий сайд эрчим хүчний салбарын хувьчлалыг хойшлуулна гэж мэдэгдэлдээ дурдсан бол шинээр томилогдсон төрийн өмчийн газрын дарга өмнөх Засгийн үед гарсан хувьчлалын шийдвэрүүдийг эргэж харна гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Тиймээс энэ ажил зогссон байгаа. Эрчим хүчний салбарт банк ноёрхлоо тогтоох нь гэсэн хардлага ямар ч ор үндэсгүй ташаа мэдэгдэл гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.
-Арилжааны банкуудад ямар нэгэн компанийн хувьцааг илт давуугаар эзэмших эрх байдаг уу?
-Хуулиараа компанийн хувьцааг эзэмшиж болно. Гэхдээ компанийн гаргасан нийт хувьцааны арван хувиас дээш хэмжээнийг хувьцааг худалдаж авч болохгүй гэсэн хязгаар бий. Нийт компаниудад хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулсан мөнгө нь өөрийн хөрөнгийнх нь 20 хувиас хэтэрч болдоггүй гэсэн босго бас байгаа. Тийм учраас Монголын банкууд компани эзэмшдэггүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой. Бид зөвхөн санхүүгийн зуучлал, банкны мэргэжлийн үйл ажиллагаа л явуулдаг. Манай банк олон нийтийн компани байвал арван хувь гэдэг хязгаартайгаар худалдан авч болно, хязгаарлагдмал хариуцлагатай компанид бол хувь эзэмшихгүй гэсэн дотоод бодлоготой.
-Сүүлийн үед өрнөсөн шуугиан хүмүүст нэг эргэлзээ үүсгэчих шиг болсон. Сая та бид хоёрын ярьсан бүхний цаад учрын талаар нарийн мэдээлэлгүй хүмүүс Худалдаа хөгжлийн банк юунд орооцолдчихов оо гэж бодож суугаа байх. Ингэхэд танай банкны үйл ажиллагаа ямаршуу байгаа вэ?
-Банкны үйл ажиллагаа маш сайн, хэвийн өрнөж байна. Манай банкны хервөх чадварын харьцаа буюу бэлэн мөнгө түүнтэй тэнцэх эд хөрөнгийн харьцаа нь 40 гаруй хувьтай байгаа. Өөреөр хэлбэл, нийт актив маань 40 гаруй хувийн хөрвөх чадвартай гэсэн үг. Гадаад валют болон төгрөгийн нөөц асар өндөр, зээл олголт ямар нэг хязгаарлалтгүйгээр хэвийн үргэлжилж байна. Валютын арилжаа ч бас хэвийн. Ханшийг тогтворжуулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажлаа үргэлжлүүлнэ. Хамгийн туршлагатай банкны хувьд гэж ярихад олон улсын зах зээлээс мөнгө босгох боломж бий. Тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээ үзүүлэлтүудийн хувьд Монголбанкны шалгуурыг бүрэн хангасан гэж ирээд яривал банкны талаар санаа зовох ямар ч асуудал байхгүй.
-Том хэмжээний мөнгөн дүнтэй бондыг амжилттай гаргасаар яваагийн шалтгаан юунд байна аа. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд танай банкийг сонгоод байгаа давуу тал гэвэл та юуг онцлох вэ?
-Манай банк анх 2007 онд бонд гаргаж байлаа. Түүнээс хойш бараг есөн жил болоход нэг ч арилжааны банк бонд гаргаж чадаагүй хэр нь бид жил бүр шахуу гаргаад байгаа нь цаанаа шалтгаантай. Монголд том хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хэмжээний төсөл тун цөөхен. Голдуу уул уурхайн төслүүд байдаг. Уул уурхайн төслүүдийн хувьд гаднаас санхүүжилт татчихдаг учраас гадны хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн биш салбарт эрсдэл авахыг хусдэг. Монголын эдийн засгийн ирээдүйд итгэдэг учраас тэр л дээ. Гэтэл уул уурхайн биш эрсдэлийг санал болгох томоохон сектор Монголд байдаггүй. Үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, дэд бүтэц, үйлчилгээ, зочид буудлын чиглэлээр гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах төслүүд ч байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг сектор нь санхүүгийн салбар болчихож байгаа юм. Худалдаа хөгжлийн банк Монголын эдийи засгийн бүх л салбарт нэг талаас эрсдэл авч, нөгөө талаас санхүүжүүлчихсэн яваа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Бид олон улсын зах зээлд нийтдээ зургаан удаа бонд гаргасан. Бонд гаргасан олон жилийн туршлагатай, цаг хугацаанд нь бүрэн төлж байсан сайн түүхтэй ч сүүлийн хэдэн жил уналттай яваа Монголын рейтинг, эдийн засгийн таагүй байдал зэргээс болж өртөг нь өссөн шалтгаан бий. Ийм учраас Засгийн газрын баталгаа авах шийдэлд хүрсэн юм.
-Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн салбараас огт өөр чиглэлд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бодол, хэтийн зорилго ер ньбий юу?
-Ямар ч банк хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Манай банк хамгийн туршлагатай, хамгийн ууган нь. Зах зээлийн олон шуургыг давж, олон хямрал, олон улс төрийн өөрчлөлтийг даван туулсан банкны хувьд арилжааны банк Монголд ямар чухал үүрэгтэйг мэднэ. Банк гэдэг нэг талаасаа маш эмзэг нөгөө талаасаа чухал сектор гэдэгт итгэлтэй явдаг учраас зөвхөн банкны үйл ажиллагаа явуулна. Өөр янз бүрийн үйл ажиллагаа явуулах эрх ч байхгүй, сонирхол ч алга. Монголын эдийн засгийн ирээдүйд хэрэгтэй гэж үзвэл, ирээдүйд орлого нь бололцоотой төсөл байна гэж харвал бид 100 хувь дэмжинэ. Энэ бол арилжааны хамгийн том банкны хувьд бидний үүрч байгаа маш том ачаа.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН